Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын Үндэсний хорооны хурлаар тус хотын хөгжлийн үзэл баримтлал, холбогдох зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын явцыг хэлэлцэв.

УИХ-ын 2023 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хотыг байгуулахаар шийдвэрлэсэн.

Улмаар Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Орхоны хөндийд байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан юм. Түүнчлэн  хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамж болон бусад бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг үе шаттай боловсруулж, хот төлөвлөлтөд иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгасан аж.

Үндэсний хорооны дэд дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь ярихдаа, "Шинэ хотын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар, мөн Хархорумын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл нь бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, түүх, соёлын өвийг сэргээх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үндсэн зорилготой байна" гэв.