"Өндөрхааны цом" Сар шинийн баярт зориулсан барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, улсын харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ. Түрүүлсэн бөхийг 10 сая, үзүүрлэсэн бөхийг найман сая, шөвгөрсөн бөхчүүдийг таван сая төгрөгөөр урамшуулжээ.
Шөвгийн дөрөвт дархан аварга Н.Батсуурь, улсын начин Л.Энхсаруул нар шалгарсан юм. Өнөөдөр Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтон залуу бөхчүүдийн, 02.25-ны мягмар гарагт Дашчойлин хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанууд тус, тус болно. Битүүний өдрийн улс аймгийн цолтой бөхийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн урьдчилсан шатны барилдаан хоёрдугаар сарын 26-ны лхагва гарагт 11.00 цагаас эхэлж, хоёр давсан бөхчүүд болон чансааны оноог харгалзан аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийг битүүний өдрийн бөхийн барилдаанд бүртгэнэ.
Могой жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны 1-2-ын даваа хоёрдугаар сарын 27-ны пүрэв гарагт 13.00 цагт эхэлж, 3-8-ын даваа хоёрдугаар сарын 28-ны баасан гарагт 13.00 цагаас үргэлжилнэ.