Монгол Улсын арслан Э.Оюунболд Монголын үндэсний Бөхийн холбоонд ханджээ. Тэрбээр энэ удаад барилдах эрхийг нь хасах шалтгаан болсон "допингийн шинжилгээний хариутайгаа танилцъя, асуудлаа дүрмийн дагуу шийдвэрлүүлье" хэмээн өргөдөл гаргасан байна.
Учир нь Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 69 дугаартай тогтоолоор:
- 2023 оны хоёрдугаар сард Бөхийн өргөөнд зохион байгуулсан тэмцээний үеэр авсан шинжилгээгээр допинг илэрсэн Улсын арслан Э.Оюунболд,
- 2023 оны гуравдугаар сард Бөхийн өргөөнд болсон тэмцээний үеэр авсан шинжилгээгээр допинг илэрсэн Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг хассан байдаг.
Ингэхдээ Улсын арслан Э.Оюунболдын эрхийг 8 жил, харин Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг тус бүр дөрвөн жилээр хассан юм. Улмаар Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нар нь Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Допингийн давж заалдах комисст нэхэмжлэл гаргаж, барилдах эрх хассан нь буруу гэж маргасан байдаг.
Тэд допинг илэрсэн гэдэгт бус допинг илэрсэн байхад нь оногдуулсан МҮБХ-ны 69 дүгээр тогтоол нь допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартуудыг зөрчсөн гэж маргасан байна.
Улмаар уг асуудлыг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Допингийн давж заалдах комисс 2024 оны хоёрдугаар сард хэлэлцээд "дээрх нэр бүхий бөхчүүдэд шийтгэл оногдуулахдаа допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартуудыг зөрчсөн болохыг тогтоож, МҮБХ-ны 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон юм.
Өөрөөр хэлбэл, 69 дүгээр тогтоолоор нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг хасахдаа процессын алдаа гаргасан гэж үзсэн байна.
Тиймээс уг шийдвэрийн дагуу 2024 оны долдугаар сарын 09-ний өдрийн Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаар Э.Оюунболдын барилдах эрхийг хассан 8 жилийн хугацааг 2.4 жил болгон бууруулсан аж. Ингэхдээ түүний эрхийг хассан хугацааг шинжилгээ авсан өдрөөс буюу 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс тооцохоор шийдвэрлэсэн байна.
Хачирхалтай нь допингийн шинжилгээнд бүдэрсэн дээрх бөхчүүд допинг хэрэглэсэн эсэхдээ бус энэ дагуу эрхийг нь хассан шийдвэр нь алдаатай явагдсан хэмээн маргасан атал Монголын Үндэсний бөхийн холбоо нэг тогтоолоор эрхийг нь хассан гурван бөхийн хоёрынх нь эрхийг сэргээж, нэгийг нь үлдээж байгаад нэлээд хэдэн сарын дараа барилдах эрхийг нь хассан хугацааг тодорхой хувиар буюу 2.4 жил болгон багасгасан нь анхаарал татдаг. Тиймээс ч энэ дагуу Э.Оюунболд гомдол гаргасан байж магадгүй байна.
-ТЭД УВСЫН БӨХЧҮҮД УЧИР ӨШӨӨГДСӨН ҮҮ-
Ер нь сүүлийн жилүүдэд Монголын үндэсний Бөхийн холбоо допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдэд шийтгэл оногдуулахдаа ялгамжтай хандаад байна гэх хардлагад өртөөд байгаа нь нууц биш.
Учир нь 2020 оны Улсын баяр наадамд үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсууриас допинг илрэхэд Баяр наадам зохион байгуулах хорооноос 11 сарын хугацаатайгаар барилдах эрхийг нь хасах шийдвэрийг гаргаж байв.
Мөн Аймгийн арслан Б.Лхагвадорж, Аймгийн арслан Д.Ням-Очир нараас 2022 оны гуравдугаар сард авсан Бөхийн өргөөнд зохион байгуулсан тэмцээний үеэр авсан шинжилгээгээр допинг илэрсэн байдаг. Гэтэл МҮБХ тэднийг өршөөж, улмаар Аймгийн арслан Б.Лхагвадорж нь тухайн жилийнхээ Улсын баяр наадамд барилдаж, Улсын начин цол хүртэж байсан юм. Яагаад тэднийг өршөөсөн гэдэг асуулт мөн л хариултгүй энэ хүрсэн.
Харин бөхчүүдийн дунд "Тэд Увсын учир" гэдэг ганц хариулт байдаг байна.
Ташрамд сонирхуулахад, Улсын аварга Н.Батсуурь, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас "предизин" гэх ижил төрлийн бодис илэрсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг юм. Тэр ч бүү хэл уг бодисыг "Увсын гал"-ын бодис гэх явган яриа ч бөхчүүдийн дунд байдаг байна.