Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр Батлан хамгаалах салбар хүн, ардынхаа аюулгүй байдлын энхийн манаанд үүрэг гүйцэтгэх "Airbus H-145 D-3" нисдэг тэргээр бүл нэмлээ.
Тус нисдэг тэргийг Европын "Airbus helicopters" компани болон Япон Улсын "Кавасаки" компаниуд хамтран бүтээжээ. Агаарын хөлгийн гайхалтай технологийн хүчин чадал, найдвартай, аюулгүй байдлаараа шалгарсан энэхүү нисдэг тэргийг дэлхийн олон орнууд батлан хамгаалах салбар болон Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна. Нисдэг тэргийг хүлээлгэн өгөх ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагууд, Агаарын цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцсон юм.
Батлан хамгаалах салбар 2025 оныг "Эх оронч монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд салбарын үйл ажиллагаанд шинэ техник, технологи, шилдэг инновацыг нэвтрүүлэх, Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн сэргэлтийг бодитойгоор бий болгож үр дүнд нь Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх бодлого зорилтыг дэвшүүлэн, хэрэгжилтийг үе шаттайгаар ханган ажиллаж байна. Энэхүү нисдэг тэрэг нь орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан, ашиглалтын зардал багатай, цэргийн болон иргэний хосолсон хэлбэрээр ашиглах боломжтой зэрэг олон давуу талуудтай мөн дээрээс нь хос хөдөлгүүртэй тул нисгэгч, зорчигчийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан агаарын хөлөг юм.
Нисдэг тэргийг хүлээлгэн өгөх ажиллагааны үеэр батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ Батлан хамгаалахын сэргэлт бодлогын гол цөм нь ямагт хүн байх учиртай. Иймд хүний эрхийг дээдэлсэн бодлого, зорилтыг баримталж, ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр боломжит нөөц бололцоогоо дайчлан ажиллахаа мөн илэрхийлж байсан юм.