Тавантолгойн ордын нэг хэсэг болох "Ухаа худаг"-ийн ордыг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах захирамж гарч, уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахлан ажиллаж байгаа. Мөн "Энержи ресурс" компанийн толгой компани болох "М-Си-Эс" группт хуулийн байгууллагаас ажиллагаа явуулж тус компанийн Хуулийн хэлтсийн дарга гэх З.Төрмандахийг энэ сарын 18-ны /2025.02.18/ өдөр "Japan Town" хотхонд байх гэрийнх нь орчмоос баривчилсан билээ.
Улмаар түүнийг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Тэгвэл "М-Си-Эс" группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахтай хамт саатуулагдсан нэр бүхий дөрвөн албан тушаалтныг мөн нэг сарын хугацаатайгаар цагдан хорихоор болжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокуророос "М-Армор" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболд, Инженер-техникийн албаны дарга С.Жамъянтөгс, хуулийн албаны дарга Я.Бямбадаржаа, мэргэжилтэн Г.Гандалай нарыг “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүх хүргүүлсэн байна.
Харин Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх уг саналыг хэлэлцээд тэднийг гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэл нь нотлох баримтуудаар тогтоогдсон хэмээн үзэж, нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргажээ.
Ташрамд сонирхуулахад, "М-Си-Эс" группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандах нарын дээрх хүмүүсийг тагнаж чагнах төхөөрөмж болон сүлжээ унагагч хэрэгсэл ашигласан, камер тоноглолтой, цахим орчинд баг ажиллуулсан, хуулийн байгууллагынханд гэрээт төлөөлөлтэй байсан зэрэг мэдээллүүд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа юм. Харин энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж байгаа "нууц"-тай холбоотой хэрэг учир энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй" гэдгийг тодотгож буй юм.