“Ухаа худаг”-ийг шалгах ЗГ-ын ажлын хэсэг байгуулсны дараа “Энержи Ресурс” компанийн хувьцаа Хонг Конгийн бирж дээр 9.3 хувиар буюу HKD 0.48 доллароор унажээ

“Ухаа худаг”-ийг шалгах ЗГ-ын ажлын хэсэг байгуулсны дараа “Энержи Ресурс” компанийн хувьцаа Хонг Конгийн бирж дээр 9.3 хувиар буюу HKD 0.48 доллароор унажээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг /2025.02.17/-т “Тавантолгойн ордын нэг хэсэг болох "Ухаа худаг"-ийн ордыг М-Си-Эс группийн охин компани болох "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах” 32 тоот захирамж гаргасан.

-32 ТООТ ЗАХИРАМЖ ГАРСАН ӨДӨР "ЭНЕРЖИ РЕСУРС" КОМПАНИЙН ХУВЬЦАА HDK 0.15-ООР УНАСАН-

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 32 тоот захирамж гарсны дараа “Энержи Ресурс” компанийн "Хонг Конг"-ийн хөрөнгийн бирж дээрх 975 дугаартай хувьцааны ханш HDK /Хонг Конг доллар/ 0.15 доллароор буурчээ.   Тодруулбал, Энержи Ресурс /MMC/ компанийн хувьцаа энэ сарын 14 /2025.02.14/-ний өдөр HKD 7.10 доллар байсан бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Энержи ресурс" компанийг шалгах захирамж гарсан өдөр /2025.02.17/ HKD 6.95 доллар болж буусан байна. Мөн Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр арилжаалсан хувьцааны тоо хэмжээ 4.1 сая ширхэгээс 3.7 сая ширхэг болж буурчээ.

Ажлын хэсэг байгуулах ЕС Л.Оюун-Эрдэнийн 32 тоот захирамж

-Э.ТӨРМАНДАХЫГ БАРИВЧИЛСАН ӨДРИЙН МАРГААШ "ЭНЕРЖИ РЕСУРС" КОМПАНИЙН ХУВЬЦАА HKD 0.15 ДОЛЛАРААР ДАХИН УНАЖЭЭ-

Түүнчлэн энэ долоо хоногийн мягмар гараг /2025.02.18/-т М-Си-Эс группийн "М Армор" компанийн Хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг Тагнуулын байгууллагаас саатуулсан. Тэгвэл энэхүү мэдээллийн дараах /2025.02.19/ өдөр “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation компанийн хувьцаа HKD 6.80 доллар болж унасан байна.

-БЭТ Ж.БАТЗАНДАГИЙН МЭДЭГДЭЛ ХИЙСЭН ӨДӨР "ЭНЕРЖИ РЕСУРС"-ИЙН ХУВЬЦАА ДАХИН 0.18 ДОЛЛАРААР УНАЖЭЭ-

Харин энэ долоо хоногийн пүрэв гараг /2025.02.20/-т Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан “Ухаахудаг 30 жилд 130 их наяд төгрөгийн орлого олох уурхай. Эзэмшлийнхээ асуудлыг Ж.Оджаргал гуай шийднэ. Стратегийн ордыг гэр бүлээрээ эзэмшихгүй. Ж.Оджаргал гуай танаас өөр хүн Монгол Улсад байдаг юм шүү. Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа бол энэ компанийн лицензийг хүчингүй болгоод дараагийн компаниудад өгөх хэрэгтэй. Нүүрс ухаад Хятад руу зарж чадах олон хүн байгаа” хэмээн олон нийтэд мэдээлэл өгсөн. 

Ж.Батзандангийн мэдээллийн дараа “Энержи Ресурс” компанийн хувьцаа HKD 6.62 доллар болж, зарагдсан хэмжээ нь 1.6 сая ширхэг болж тус тус унаад байгаа юм.

Өчигдөр /2025.02.21/-ийн байдлаар “Энержи ресурс” компанийн хувьцаа HKD 6.63 доллар байна. Өөрөөр хэлбэл, “Ухаа худаг”-ийг М-Си-Эс хэрхэн авсныг шалгах ажлын хэсэг байгуулах тоот захирамж гарснаас хойш “Энержи Ресурс” компанийн хувьцааны үнэ 9.3 хувиар буюу HKD 0.48 доллараар унасан байх юм. Дээрх үйл явдал бол эрх баригчдын гаргаж буй шийдвэр, мэдээлэл хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийн нэгэн тод жишээ болж байна.