Монголын орчин үеийн каллиграфчидын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ШИНЭ ЦАС” үзэсгэлэнгийн нээлт маргааш (2025.02.14) болно.
2007 онд анхлан каллиграфийн их мастер Д.Баттөмөрийн санаачилгаар зохион байгуулагдаж, жил бүр уламжлал болгон каллиграфийн шилдгийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг чансаагаараа каллиграфийн үзэсгэлэнгүүдээс 1-т жагсах үзэсгэлэн юм. “Шинэ цас-2025” үзэсгэлэнд энэ жил 37 уран бүтээлчийн 60 гаруй бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулан үзэгч олноо толилуулах юм байна.
“Шинэ цас-2025” үзэсгэлэнд оролцогчид монгол цаасны хэмжээг баримтлан, цаасыг болгож наах аргыг ашиглан бүтээлээ туурвиснаараа онцлогтой. Монгол цаасны хэмээж буй 53*76 сантиметр хэмжээг каллиграфийн их мастер Т.Жамъянсүрэн “Шунхан барын ганжуур”, “Өлзийт хааны захидал” зэрэг түүхэн дурсгалт бүтээлүүдэд хийсэн судалгаандаа үндэслэж гаргасан. Энэхүү үзэсгэлэнд тавигдсан шилдэг бүтээлүүдээс энэ цагийн каллиграфийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн уран бичлэгийн ур чадвар, дотоод ертөнцийг нэгэн зэрэг тольдон харах боломжтой. Үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн 2 давхарт байрлах “Бичиг соёл” галерейд хоёрдугаар сарын 14-21-ний өдрүүдэд дэлгэгдэх юм.
Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр “Шинэ цас-2025” үзэсгэлэнд тавигдсан шилдэг бүтээлүүдийг дуудлага худалдаанд оруулах бөгөөд үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг худалдан авах боломж нээлттэй аж. Мөн Каллиграфийн их мастер Д. Баттөмөр агсны нэрэмжит “Мөнгөн гэрэгэ”-ний эзэн, шилдэг залуу каллиграфич гэсэн 2 шагналын эзэн тодрох юм байна.