Прокурорт ээмэг, зүүлт өгөхийг оролдсон өмгөөлөгч Ц.Дарьжавыг 6 саяар торгож, өмгөөлөх эрхийг нь 3 жил хаслаа

Прокурорт ээмэг, зүүлт өгөхийг оролдсон өмгөөлөгч Ц.Дарьжавыг 6 саяар торгож, өмгөөлөх эрхийг нь 3 жил хаслаа

Залилах гэмт хэрэгт холбогдсон үйлчлүүлэгчийнхээ хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд прокурорт ээмэг, зүүлт бэлэглэж, хахууль өгөхийг завдсан гэх өмгөөлөгч Ц.Дарьжавд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал,  өмгөөлөгч Ц.Дарьжав нь залилах гэмт хэрэгт холбогдсон үйлчлүүлэгч Х.Тунгалагийнхаа хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд хяналтын прокурор О-д хахууль болгож ээмэг, зүүлт өгөхийг завдсан байдаг.

Харин тухайн прокурор нь нөлөөллийн мэдүүлэг хөтлөн, Ц.Дарьжавын хахууль өгөх гэсэн үйлдлийг баримтжуулан холбогдох байгууллагад мэдэгдсэнээр уг хэргийг шалгаж эхэлсэн байна.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас Ц.Дарьжав өмгөөлөгчийг хахууль өгөх буюу Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийг хоёрдугаар сарын 12-ны /2025.02.12/өдөр хэлэлцэхээр товлосон байсан. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өчигдөр болж, шүүхээс Ц.Дарьжавын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилээр хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.