Манай улсад 2019-2023 онд улсын хэмжээнд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ 240 хүн амь насаа алдаж, 823 хүн хүнд гэмтэж, 686 хүн хөнгөн гэмтэж, нийт 1748 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн байна. Уурхай, барилга, үйлдвэрлэлийн салбарын ажилтнууд төдийгүй бусад төрлийн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ч ажлын байрны шалтгаант осол, өвчлөлд өртөж байна.
Тухайлбал 2023 оны гуравдугаар улиралд үйлдвэрлэлийн ослын 261 тохиолдол бүртгэгдсэнээс 83 буюу 31 хувь нь санхүү, даатгал, төрийн удирдлага, батлан хамгаалах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд зэрэг харьцангуй эрсдэл багатайд тооцогддог салбарт тохиолджээ.
Тиймээс ХАБЭА-н бодлогыг бүх ажиллах хүчнийг эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангахад чиглүүлэх нь зүйтэй юм. Дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог сайжруулах, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн салбартай уялдуулан хөгжүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, статистик, судалгааг хөгжүүлэх, албан бус салбарт зориулсан зохицуулалтыг бий болгох, цахим шилжилт зэрэг тогтолцооны шинэчлэл хийх зайлшгүй шаардлагын хүрээнд бид ХАБЭА-н тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж, дараах үр дүнд хүрэхээр зорьж байна.
- Ажлын байрны хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангагдах ажилтны эрхийг баталгаажуулна
- Урьдчилан сэргийлэлтэд чиглэсэн, эрсдэлд суурилсан ҮОМШӨ-ний даатгалын зохицуулалтыг бий болгоно.
- Их өгөгдөлд тулгуурласан төлөвлөлт хийх ҮОМШӨ-ний бүртгэл, мэдээлэл, статистикийг боловсронгуй болгоно.
- Хамрах хүрээ өргөжиж, хуучин хуулийн үйлчлэлд төдийлөн сул хамрагдаж, зохицуулалт тодорхойгүй байсан салбаруудыг жигд хамруулна.
- ААНБ-ын эрх, үүрэг, хариуцлага тодорхой болж, урьдчилан сэргийлэх ажил сайжирч, ХАБЭМ хариуцсан байгуулагын чиг үүрэг, санхүүжилт шийдвэрлэгдэнэ.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг талуудын оролцоотойгоор боловсруулж, 2025 оны Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.