Монгол Улсад олон жил ажиллаж, амьдарсан Вьетнамын иргэн нутаг буцахын тулд хууль бусаар хил гарах гэж байгаад баригджээ

Монгол Улсад олон жил ажиллаж, амьдарсан Вьетнамын иргэн нутаг буцахын тулд хууль бусаар хил гарах гэж байгаад баригджээ

Монгол Улсад олон жил ажиллаж, амьдарсан Вьетнам улсын иргэн нутаг буцахын тулд манай улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарахыг завдсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Н.В.Х нь 2024 оны арваннэгдүгээр сарын 09-ний орой 19 цаг 20 минутын орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр Хилийн цэргийн дугаар ангийн хариуцсан чиглэл, хилийн дугаар тэмдгийн зүүн талаар 250 метр газраар Монгол Улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу боомт бус газраар явганаар Монгол Улсаас хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарах гэж байжээ. Харин тухайн этгээдийн уг хууль бус үйлдлийг хилчид илрүүлж, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн аж. Хэрэг явдал гарсан шөнө үүрэг гүйцэтгэж байсан хилчид хяналтын камерын тусламжтайгаар тухайн этгээдийг явганаар хил гарахаар гүйж явахад нь илрүүлсэн байна. 

-"ЗАХИРЛААСАА ГАДААД ПАСПОРТОО АВЧ ЧАДААГҮЙ ТУЛ НУУЦААР ХИЛ ГАРАХЫГ ХҮССЭН"-

Хил зөрчигч этгээд энэ талаараа “Би Монгол Улсад ажиллаад олон жил болсон, тэгээд мөнгө хангалттай олох зорилгоор Монгол Улсын хилийг хууль бусаар гарах гэж явсан. Монгол Улсад амьдардаг Вьетнамчууд бүгдээрээ гадаад паспортоо захиралдаа өгдөг, өөртөө паспортоо авч явдаг Вьетнам ажилчин байдаггүй. Тэгээд T захиралд миний гадаад паспорт байгаа гэдгийг баталгаатай мэдэж байсан ч асуухаас айсан, намайг явуулахгүй байх гэж бодоод паспортгүй ч гэсэн БНХАУ-аар дамжин В руугаа буцъя гэж бодсон.

БНХАУ-аас В руу яаж явах талаар бодоогүй. Монгол Улсаас л гарахыг л бодож байсан. Тэгээд сүүлд ажиллаж байсан засварын газраас 1 сарын өмнө нь замын машинд гар өргөж суусан, тооцоогоо бэлнээр хийсэн. Улаанбаатар хотод яг хэзээ ирснээ санахгүй байна, ямартай ч ирсэн хойноо T захиралтай утсаар холбогдож байсан. Улаанбаатар хотод ирээд Гандантай ойрхон байдаг K-д ганцаараа 5-6 хоносон, тооцоогоо өөрийн хаан банкин дахь .... дугаарын данснаас шилжүүлсэн. Өдрийн 130,000 төгрөгөөр бодож тооцоогоо хийж байсан. Буудлаас гараад замаас такси бариад тэр такситайгаа шууд З рүү явсан. Төлбөр нь 500,000 билүү 600,000 төгрөг болсон ба бэлэн мөнгөөр төлсөн. Би анх хөдөө байдаг засварын газраас гарахдаа биедээ нийт 1,000,000 төгрөгтэй байсан. Дансандаа бага мөнгөтэй байсан. 2024 оны 11 сарын 08-ны орой З-д очоод 1 хоноод маргааш өглөөнийх нь буюу 2024 оны 11 сарын 09-ний өглөө Замын-Үүдийн эргэн тойрноор нь алхаж ажиглаж байгаад тус өдрийнхөө орой 18 цаг өнгөрөөгөөд хилийн бүс рүү алхаж эхэлсэн. Тэгээд 20 цагийн үед баригдсан. Тас харанхуй болсон байсан болохоор хилийн тор хаана байгааг ч мэдээгүй, урагшаа алхаж байгаад л баригдсан. Google map-аас харж байгаад тухайн газраар хил нэвтрэхээр шийдсэн, хэн нэгэн надад зааж өгсөн, тусалсан асуудал байхгүй...” хэмээн мэдүүлсэн байна. 

Тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан байна.