ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Чингэлтэй дүүрэгт дрон ашиглан айлуудын дулаан алдагдлыг хэмжиж эхлэв /ВИДЕО/

ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Чингэлтэй дүүрэгт дрон ашиглан айлуудын дулаан алдагдлыг хэмжиж эхлэв /ВИДЕО/

Нийслэлийн Чингэлтэй дүүргээс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор айл өрхүүдийн дулаан алдагдлыг хэмжих “Дулаалъя” аяныг энэ сарын 10-ны өдрөөс зохион байгуулж эхэлжээ. Энэ хүрээнд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 500 айлын дулаан алдагдлыг дроноор хэмжиж, гэрийнхээ аль хэсгийг хэрхэн дулаалах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллаж байна. Энэ талаар бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО:

Биднийг очиход Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 10 дугаар хэсгийн 61 дүгээр гудамжны айл өрхүүдийн дулаан алдагдлыг дроноор хэмжиж байсан юм. Тус хорооны оршин суугч Н.Болдынх таван жилийн өмнө 112 м.кв өөрийн эзэмшлийн тоосгон байшин барьж амьдрах болсон байна. Дээрх айлын дулаан алдалтыг мэргэжлийн инженерүүд гаднаас нь дроноор хэмжиж үзэхэд байшингийн хана орчимд -9 хэм зааж байв. Үүнийг инженерүүд тайлбарлахдаа, “Энэ айлын хувьд байшингийнхаа гадна ханын гуравны хоёр хэсгийг дулаалсан байна. Гадаа -20 хэм байхад байшингийн дулаалсан хэсгийн хана орчимд -20 хэм, дулаалаагүй хана орчимд -9 хэм зааж байгаа нь дулаан алдаж байгааг илтгэж байгаа явдал юм” хэмээн тайлбарлалаа.

Мөн энэхүү айл хананаас гадна цонх, байшингийн суурь хэсэгтээ анхаарал хандуулж дулаалах шаардлагатай байна. Айлууд ихэвчлэн байшин аль хэсгээрээ дулаан алдаж байгаа эмзэг цэгээ мэдэхгүй бүтэн дулаалга хийдэг. Энэ нь айл өрхүүдэд санхүүгийн хүндрэл учруулдаг гэв.

Харин өрхийн тэргүүн Н.Болд ярихдаа “Миний хувьд тоосгон байшингийнхаа ханыг гурван жилийн өмнөөс бага багаар дулаалж эхэлсэн. Байшингийн ханаа дулаалж эхэлснээр галлагааны тоо буурч, өдөрт түлэх түлшний хэмжээ илт буурсан. Бид өнөөдөр байшингийнхаа аль хэсгийг илүү дулаалах ёстой талаар мэдэж авлаа” гэсэн юм.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн менежер Н.Сугар ярихдаа “Утааг багасгахын тулд бид галлагаагаа багасгах ёстой. Галлагаа багасгахын тулд дулаалгаа сайн хийх ёстой. Дулаалга сайтай байвал галлагаа 40 хувиар буурах боломжтой гэдэг мэдээллийг инженерүүд өгч байгаа. Чингэлтэй дүүргийн хувьд эхний ээлжинд 500 айлд хэмжилт хийхээр төлөвлөсөн. Эхний хоёр өдрийн байдлаар 50 гаруй айл дээр хэмжилт хийж үзэхэд 90 хувь нь дулаан алдагдалтай байсан.

Айлууд дээр ямар асуудал байна гэхээр технологийн алдаа гаргаж байшингаа барьдаг юм байна. Дулаан алдалтыг дроноор хэмжиж үзэхэд зарим айлын тоосго эсвэл блокийг тоолж болох хэмжээний дулаан алдагдаж байгаа нь гэрэлтэж харагдаж байсан. Мөн дээврийнхээ заагаар, сууриараа, цонхоороо дулаан их алдаж байна. Чингэлтэй дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар дулаан хэмжих нэг дрон, төхөөрөмж байгаа бөгөөд бид мэргэжлийн инженерүүдийн хамт айлуудын дулаан алдалтыг хэмжиж байгаа. 

Бид дараагийн шатанд байшингаа хэрхэн зөв дулаалах вэ гэдэг мэдлэг мэдээллийг эдгээр айлуудаа хангах юм. Улмаар дата бааз буюу мэдээллийн сан бүрдүүлж зохих арга хэмжээг авахад дэмжлэг үзүүлнэ” гэлээ.