Гарал үүсэл тодорхойгүй, алт мөнгөн эдлэлийн сорьцын баталгаажуулалтад хамрагдаагүй бүтээгдэхүүнийг зарж байжээ

Гарал үүсэл тодорхойгүй, алт мөнгөн эдлэлийн сорьцын баталгаажуулалтад хамрагдаагүй бүтээгдэхүүнийг зарж байжээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 13 тоот тушаалын дагуу Стандарт, хэмжил зүйн газраас алт, мөнгө, үнэт эдлэлийн зарим дэлгүүрт борлуулагдаж буй үнэт эдлэл, эрдэнийн чулуу, мөнгөн аягыг стандартын дагуу үйлдвэрлэсэн, сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэх зэрэгт хяналт шалгалт явуулжээ.

Хяналт шалгалтаар үнэт эдлэлийн баталгаажуулалт хийгээгүй жинг ашигласан, сорьцын тэмдэг тавиагүй үнэт эдлэл, мөнгөн аяга худалдан борлуулсан зэрэг зөрчил дутагдал илэрснээс гадна импортын бараа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, алт мөнгөн эдлэлийн сорьцын баталгаажуулалтад хамрагдаагүй зэрэг зөрчлүүд түгээмэл илэрчээ.  Тиймээс Стандарт, хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд зөрчил дутагдлыг арилгуулахаар зөвлөмж, зөвлөгөө өгөхөөс гадна бүтээгдэхүүний сорьцын баталгааны гэрчилгээний тэмдэг даруулах, эрдэнийн чулууны гэрчилгээтэй болох зэрэг хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

Түүнчлэн хяналт шалгалтын явцад жин хэмжилт үнэн зөв зааж байгаа хэдий ч жингийн баталгаажуулалт хийлгээгүй байгаа нь  хэрэглэгчийн эрх ашигтай холбоотой учраас баталгаажуулалтын гэрчилгээг зайлшгүй олгох шаардлагатайг Стандарт, хэмжил зүйн газрын улсын байцаагчид хэлж байна. Мөн сүүлийн үед цахим хуудсанд лайв хийж, алт, мөнгө, үнэт эдлэл худалдан борлуулах явдал их гарч байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүний баталгаажуулалт, сорьцын тэмдэггүй байгааг анхаарууллаа. Тиймд сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан алт, мөнгөн эдлэл худалдан авахдаа бүтээгдэхүүний гэрчилгээ баталгаажуулалтыг онцгойлон шалгаж авахыг зөвлөлөө.

Хяналт шалгалт хоёрдугаар сарын 25-ыг дуустал улсын хэмжээнд үргэлжилнэ. Шалгалтын үр дүнг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд танилцуулах юм байна.




ЭМГЭНЭЛ

2 цагийн өмнө