Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөж, цогцсыг нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн хэрэг Малайзад 2006 онд гарсан. Тус хэргийн захиалагчаар Малайзын Ерөнхий сайд асан Багиндаг буруутгасан бол Азила, Сирул гэх хүмүүст 2009 онд цаазаар авах ял оноосон байдаг.
Тэгвэл Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд учирсан хохирлыг тус улсын Засгийн газар барагдуулахтай холбоотой шийдвэрийг шүүх дахин гаргажээ. Ингэхдээ Малайз Улсын Засгийн газар Ш.Алтантуяа агсны гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд 1.1 сая ам.долларыг 30 хоногийн дотор шилжүүлэх шийдвэрийг шүүгч гаргасан байна. Ташрамд өгүүлэхэд, Ш.Алтантуяагийн гэр бүл анх 2007 оны зургадугаар сарын 4-нд /2007.06.04/ гаргасан гомдолдоо “Ш.Алтантуяа агсны үхлийн улмаас сэтгэцийн цочрол, сэтгэл зүйн гэмтэл учирсан гэж үзэн нөхөн төлбөр төлүүлэх”-ийг хүсэж байжээ.