Цахим орчинд “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан лайв бичлэг хийдэг Б.Баярбаатарт холбогдох зөрчлийн хэргийн шүүхийн шийтгэвэрт гаргасан гомдлыг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр товлоод байсан билээ.
Тэгвэл иргэн Б.Баярбаатарын өмгөөлөгч хэргийн материалтай танилцана мөн эрх бүхий албан тушаалтныг шүүх хуралд оролцуулахаар шүүх хурлыг энэ сарын 19-ний өдөр хүртэл хойшлууллаа.
Хэргийн талаар эргэн сануулахад иргэн Б.Баярбаатарыг олон нийтийн сүлжээнд ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэж, танхайрсан гэх шалтгаанаар нэгдүгээр сарын 10-ны өдөр 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байдаг. Харин анхан шатны шүүхийн тус шийдвэрт гомдол гаргаснаар түүнийг цагдан хорьсноос тав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг түр түдгэлзүүлж, түүнийг сулласан юм.