“Тавантолгой түлш” компаниас бэлтгэн нийлүүлдэг шахмал түлш хатаалт муу, хөлдүү нойтон, барьцалдаж наалдсан байдалтай савлагдаж, иргэдийн гар дээр ирж байгаа талаар бичлэг цахим орчинд тархсан билээ. Тиймээс бид бодит байдал дээр айлуудад ийм хэлбэртэй шахмал түлш очиж байгаа эсэхийг сурвалжиллаа.
ВИДЕО:
Танайх шахмал түлшийг хэзээнээс түлж эхэлсэн бэ?
Манай байшин тогоор халдаг. Энэ намар тогны мөнгө нэмэгдсэнээс хойш сард сая төгрөг гарсан. Хөнгөлөөд 800 мянган төгрөг төлөх болсон. Тэгээд би тэр өдрөө сард 800 мянган төгрөг тогонд тушаачихаад бид яаж амьдрах вэ. Идэж ууж, өмсөж зүүж, нэг гэр бүлд хэдэн хүн нь орлого олж байгаа билээ. Тэгж бодоод манайх шахмал түлшээ эрчимтэй түлээд эхэлсэн.
Ер нь бол шахмал түлшийг түлээд гурван жил болж байгаа. Шахмал түлш савлагаандаа янз янз ирдэг. Зарим нь гайгүй асчихдаг. Заримдаа сайн асахгүй нойтон аргал шиг уугиад байж байдаг.
Шахмал түлшний чанар, шаталт урд жилүүдээс ямар байна вэ. Сүүлийн үед хатаалт муу, нойтон, хөлдүү шахмал түлш шуудайндаа ирэх болсон гэх юм?
Заримдаа хөлдүү, нойтон түлш гарч ирж байдаг. Сүүлийн жилүүдэд маш их хогтой ирдэг болсон. Хатаалт муугаас болдог юм уу шуудай түлш улам л хүнд болоод байгаа. Түлэхээр түлш маань бүрэн шатаж өгөхгүй, нойтон байдаг юм уу, хийдэг барьцалдуулагчаасаа болдог юм уу доошоо үнсийг нь буулгахаар ерөөсөө бүрэн гүйцэд бууж өгөхгүй, том том бондгор бондгороороо гарч ирээд байдаг. Зарим нь бол сайн асчихдаг. Зарим нь хог ихтэй, үнс шиг хог ихтэй байдаг. Хатаалт муутай юм уу, нойтон юм уу би сайн хэлж мэдэхгүй байна. Их л хүнд болсон.
Бүрэн хатаалттай нүүрс бол хуурай аргал шиг сайхан асдаг. Харин нойтон хөлдүү түлш зун бороонд норгочихсон аргал шиг байдаг. Бороонд норсон аргал яаж асдаг билээ. Яг л тийм. Уугиад л байна. Тэрэн шиг зарим түлш нойтон, хатаалт муу болохоор уугиад л байдаг. Тэгээд бүрэн гүйцэт асахгүй дүлийрсээр байгаад гэр нэг их дулаацахгүй, бондгор бондгор хэлбэртэй хатуу үнс болоод том томоороо шатаагүй үлдчихдэг. Шаталт өгөхгүй, шатахгүй, гэр ч халаахгүй зүгээр л уугиад л байдаг.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 700 орчим хүн шахмал түлшнээс болж угаартаж амиа алдсан. Танай гэр бүлийн хувьд угаар мэдрэгчтэй юу?
Манайх галын амбаартай болохоор угаартах вий гэсэн айдас харьцангуй бага. Гэхдээ ер нь ойр ойрхон шалгадаг. Дэлбэрэлт болдог гэх мэтээр янз бүрийн юм их сонсогдож байгаа болохоор галаа ойр ойрхон орж ирж шалгана. Ер нь бол өдөртөө гурваас дөрвөн удаа галладаг. Өдөртөө шахмал түлшээ хийдэг. Зарим нь гайгүй шатсан байдаг. Зарим нь дутуу шатаад тэр чигээрээ гарч ирдэг.
Манайх тогны мөнгөө дийлэхгүй болоод шахмал түлшээ арай хямд гээд түлхүү хэрэглэж байгаа. Гэхдээ хямд байлаа гээд ард иргэдийн аюулгүй байдлыг хангахгүй байна. Биднийг эсвэл учиргүй их мөнгө олж амьдар гээд байна. Эсвэл угаартах нь угаартаад, угаартахгүй нь ингэсхийгээд амьдар гээд байх шиг байна. Ерөөсөө хоёр сонголт байна.