Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнийг цагдаагийн ажилтанд хахууль өгсөн хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дууссан.
Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдаж С.Гал-Эрдэнийг хахууль өгсөн, О.Жамъяансүрэнг хахууль авсан гэм буруутай гэж үзэн, нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр дөрвөн жилээр хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ялаар тус тус шийтгэж, хахуулийн хоёр сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Тэрбээр 2023 оны долдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 5.4-4 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст шалгуулж байсан. Энэ үедээ оршин суудаг хорооныхоо хэсгийн байцаагчаар ажиллаж байсан, ахлах дэслэгч О.Жамъяансүрэнд хахууль өгч хэргээ хаалгах гэж хандсан гэдэг. Улмаар цагдаагийн ажилтны хамаарал бүхий хүнийх нь дансруу хоёр ч удаа мөнгө шилжүүлсэн байна. С.Гал-Эрдэнэд холбогдох зөрчлийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн бол тэрбээр албадан сургалтад сууж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээх байсан юм. Тэрбээр Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр улсын өсөх идэр начин Э.Э-ыг хэрцгийгээр зодож, аминд нь хүрсэн хэрэг гарах үед хамт архи ууж байсан, гэрч, хохирогчоор тогтоогдон шүүхэд мэдүүлэг тайлбар өгч байсан билээ.