Д.Тэгшбаяр: Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагсаж, долоон байр урагшилсан бол ардчиллын индексээр саарал бүсэд хэвээрээ байна

Д.Тэгшбаяр: Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагсаж, долоон байр урагшилсан бол ардчиллын индексээр саарал бүсэд хэвээрээ байна

"Транспэрэнс Интернэшнл Монгол" ТББ-аас зарласан авлигын индексийн талаар өнөөдөр /2025.02.11/ танилцуулаа. 

"Транспэрэнс Интернэшнл Монгол" ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр "Транспэрэнс байгууллагын энэ удаагийн авлигын төсөөллийн индексийн гол асуудал нь “Авлига ба уур амьсгалын хямрал” гэсэн сэдэвтэй байлаа. Өнөөдрийн байдлаар энэ байгууллагын аргачлалаар үнэлсэн авлигын төсөөллийн индексээр манай улс 33 оноотой буюу өмнөх жилээс огт өөрчлөлт гарсангүй. Эрэмбийн хувьд 121-ээс 114 дүгээр байр луу орлоо. Гэхдээ эрэмбэ чухал биш гэдгийг онцолж хэлье. Хамгийн чухал зүйл нь оноо байсан. Транспэрэнс интернэшнл байгууллагаас өгч буй зөвлөмж нь өнгөрсөн таван жилийн зөвлөмжүүдийг нэгтгэсэн зөвлөмж байсан.

Яагаад гэвэл Монгол Улсын хувьд авлигатай тэмцэх асуудлаар өнгөрсөн таван жилийн хугацаанд тус байгууллагаас өгсөн аливаа зөвлөмжийг хангасан уу гэдэг дээр түлхүү анхаарч байна.

Өнгөрсөн хугацаанд тус байгууллагаас хэд хэдэн зөвлөмжүүдийг багцаар нь өгч байсан. Үүнтэй холбоотой дорвитой алхам төдийлөн сайн хийхгүй байна гэдгийг дурдах хэрэгтэй. 2022 онд авлигын индекс эрчимтэй буурч, 2023 онд ардчиллын индексээр саарал бүсэд орж, ардчиллаас хамгийн их ухралттай орны тоонд орж байсан. Гэтэл энэ жил хоёр дахь удаагаа саарал бүсэд хэвээрээ байна. Авлигын төсөөллийн индекст хамгийн их нөлөөлөл үзүүлдэг ардчиллын индекс, хуулийн засаглалын индекс гэдэг хоёр зүйл дээр манай улс шаардлагтай хэмжээнд ажилласангүй. Мөн өнгөрсөн таван жилийн зөвлөмжийг давтаж өгч байгаа нь манай улсын хувьд тодорхой арга хэмжээнүүд хангалттай авсангүй гэсэн үг" гэлээ. 

ВИДЕО: