Нүүрсний үнэ унаж, хилийн цаана агуулах дүүрсэн тул экспорт удаашран, үнэ унасан нь төсвийн орлого тасрах эрсдэл үүссэн талаар эдийн засагчид анхааруулж эхэлсэн.
Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Нүүрсний экспорт зогсоогүй удааширсан. Өчигдөр гэхэд 525 машин, хоёр вагон нүүрсийг хилээр гаргасан. Хилийн цаана агуулах дүүрсэнтэй нүүрсний үнэ унаж байгаа ч экспорт зогсоогүй" гэв.
Энэ талаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт "Нүүрсний экспорт удааширч байгаа нь үнэн. Бид хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна. Нүүрсний экспорт гаргадаг хилийн гол боомтууд дээр өмнөд хөршийн агуулахууд байдаг. Эдгээрээс цааш үйлдвэр лүү нүүрс татагддаг. Одоогоор цаашид татан авах таталт багассан нөхцөл байдалтай байна. Үүнээс болж нүүрсний үнэ унасан. Иймэрхүү нөхцөл байдалтай байгаа. Гэхдээ бид тодорхой хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байна" гэлээ.