БНСУ-ын Жооллабук мужийн Имсилгун хотод монгол уламжлалт тоглолт хийх гэж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал, Энэ сарын 13-ны өдөр БНСУ-ын Соёл урлагийг дэмжих нийгэмлэг, Солонгосын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас санаачлан Монгол Улстай харилцан соёлын солилцоо хийх “Монголын уламжлалт урлагийн тоглолт”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг тоглолт Солонгосын язгуур урлагийн тоглолтоор эхэлж, Монгол хамтлаг уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуур, бүжиг зэрэг олон төрлийн үзүүлбэрээр үргэлжлэх аж. Энэ талаар БНСУ-ын Имсил дүүргийн захирагч Сим Мин хэлэхдээ, "Манай ард түмэнтэй ижил төстэй олон төрлийн монгол үндэсний урлагийн тоглолтыг олон иргэд үзэж сонирхоно гэдэгт итгэлтэй байна. Мөн "Мираж" урлагийн хамтлагийн хамт олон энэ тоглолтоор дамжуулан Монгол Улстай соёлын солилцооны үүд хаалгыг нээж, олон салбарт өргөжүүлэхийн төлөө ажиллах болно" гэжээ.