Үйлчлүүлэгчгүй болсон учир Дархан-Шарын гол, Айраг-Бор-Өндөр чиглэлийн галт тэргийн аяллыг зогсоожээ

Үйлчлүүлэгчгүй болсон учир Дархан-Шарын гол, Айраг-Бор-Өндөр чиглэлийн галт тэргийн аяллыг зогсоожээ

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс энэ сарын 7-ноос эхлэн Дархан-Шарын гол, Айраг-Бор-Өндөр чиглэлийн галт тэрэг аялахгүй болсныг өнгөрсөн баасан гарагт албан ёсоор мэдэгдсэн юм. Тодруулбал, галт тэргээр зорчих иргэдийн тоо эрс цөөрсөн, үйлчлүүлэгчгүй болсонтой холбоотойгоор дээрх хоёр чиглэлд аялахаа зогсоожээ.

Иргэдийн тасалбарыг цуцалж, захиалгын төлбөрийг нь буцаасан гэнэ. Тухайлбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу суудлын галт тэрэг долоо хоногт хоёр удаа буюу баасан, бямба гарагт зорчдог байв. Тус сум нь Улаанбаатар хотоос 310 орчим км-ийн зайтай. Сүүлийн жилүүдэд иргэд хувийн автомашинаар хот хооронд зорчих нь нэмэгдэж, галт тэргээр үйлчлүүлэхээ бараг больсон байна. Галт тэргээр тус сум руу хүрэхэд бүтэн 12 цаг зорчдог бол автомашинаар 3-5 цагт хүрдэг аж. Мөн тасалбарын үнэ нэмэгдэж, унтлагын вагоны үнэ 42900 төгрөгт хүрчээ. Улаанбаатар хотоос Бор-Өндөр лүү урьд нь орон нутгийн автобус үйлчилгээ үзүүлдэг байсныг зогсоосон. 

1956 оноос хойш Айраг-Бор-Өндөрийн чиглэлд гал тэргийг аялуулж байв.