Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ОХУ-ын Хууль зүйн сайд, ноён К.А.Чуйченкогийн урилгаар 2025 оны нэгдүгээр сарын 26-31-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийжээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ОХУ-ын Хууль зүйн сайд К.А.Чуйченко, Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев нартай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын хууль зүй, дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэж, харилцан санал солилцсон байна.
Уулзалтын төгсгөлд сайд нар “Монгол Улсын ХЗДХЯ, ОХУ-ын ХЗЯ хооронд 2025-2028 онд хамтран ажиллах хөтөлбөр”, “Монгол Улсын ХЗДХЯ, ОХУ-ын ДХЯ хооронд 2025-2028 онд хамтран ажиллах протокол”-д тус тус гарын үсэг зуржээ. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын ХЗЯ-ны харьяа А.Р.Шляховын нэрэмжит Холбооны шүүх шинжилгээний төв, 1771 онд II Екатерина хатан хааны зарлигаар байгуулагдсан “Бутырка” цагдан хорих төв, ДХЯ-ны Удирдлагын академи, Москвагийн их сургууль, Шүүх шинжилгээний төв, ДХЯ-ны төв поликлиник, “Ухаалаг хот-Москва” төслийн хүрээнд байгуулсан Москва хотын захиргааны Шуурхай удирдлагын төв, Сбер банкны кибер аюулгүй байдлын төв зэрэг нийт 8 байгууллагаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан байна. Түүнчлэн Монгол Улсын ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагаас Москва хотод суралцаж буй алба хаагчдын төлөөлөл 40 гаруй суралцагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, халуун яриа өрнүүлжээ.