Улаанбаатарт цас орохгүй, 16 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орохгүй, 16 градус хүйтэн байна

Өнөөдөр /2025.02.11/ төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 

Нутгийн зүүн болон хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -19…-24 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.