Сүүлийн жилүүдэд Монгол Улсад худалдаалагдаж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандарт болоод өртөг өндөр байгаа талаарх шүүмжлэл иргэдийн дунд нэлээдгүй гарах болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас өнгөрсөн хавар /2024.04/ "Эмийн сонсгол"-ыг хүртэл зохион байгуулсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 42 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамнаас "Нэг эх үүсвэр"-ийн дөрвөн үйлдвэрийн 18 нэр төрлийн эмийг оруулан ирж, иргэдэд худалдан борлуулж эхэлжээ.
ВИДЕО:
Эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, иргэдийн эмэнд зарцуулах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Эрүүл мэндийн яам хувийн хэвшлийн байгууллагатай хамтран олон улсын чанарын шаардлага хангасан, зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээнд хэрэглэгддэг зарим нэр төрлийн эмийг гадаад улсын үйлдвэрлэгчтэй үнийн хэлцэл хийж, импортлох ажлыг эхлүүлсэн байна.
Одоогийн байдлаар БНСУ-ын "Dongkoo Bio & Pharm", "Hanlim Pharm", "Hanmi Pharm", "Chong Kun Dang Pharm" гэх дөрвөн үйлдвэрээс артерийн даралт, чихрийн шижин, мөөгөнцөрийн зэрэг 18 нэр төрлийн эмийг оруулан ирж, хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж эхэлсэн байна.
-БНСУ-ААС ОРУУЛЖ ИРЖ 18 НЭРИЙН ЭМИЙН ХАДГАЛАЛТ, ТҮГЭЭЛТ ДЭЭР "АЗИ ФАРМ" ХХК АЖИЛЛАЖ БАЙНА-
Дээрх эмийн хадгалалт, түгээлт дээр "Ази фарм" ХХК ажиллаж байгаа аж. Тус компани нь Эрүүл мэндийн яамнаас зарласан тендерт шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байгаа гэдгийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ахлах мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнэ онцолсон. Тэрбээр "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 36.1.2-т заасны дагуу "Нэг эх үүсвэр"-ээр худалдан авсан эмийг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 47.5-т заасны дагуу "Эмийн хадгалалт, түгээлт, ложистикийн тендер"-ийг tender.gov.mn хаягаар нээлттэй зарлаж, БНСУ-ын дөрвөн үйлдвэрийн 18 нэрийн эмийн хадгалалт ложистикийн тендерт "Ази фарм" ХХК шалгарч, гэрээ байгуулсан. Тухайн компани Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй олгох нөхцөлөөр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хөнгөлөлттэй эм олгох гэрээтэй эмийн сангуудаар худалдаалж эхлээд байгаа" гэдгийг тодотголоо.
Мөн тэрбээр "Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авснаар эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, иргэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад санхүүгийн дарамтыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой" гэлээ.
Иргэдийн хувьд одоогоор "Нэг эх үүсвэр"-ийн эмийн талаарх мэдээлэл хомс байгаа бол зарим мэдээлэлтэй байгаа иргэд өрхийн эрүүл мэндийн төвөөрөө тус эмийг хөнгөлөлттэй үнээр бичүүлэн авч, хэрэглэж эхэлжээ. Цаашид "Нэг эх үүсвэр"-ийн эмийн нэр төрлийг нэмэгдүүлнэ гэдгийг албаныхан тодотгож байна. Тухайлбал, хавдарын эмийн тусламж үйлчилгээний эмийн чанарыг сайжруулж, нэр төрлийг нэмэгдүүлэх, зах зээл дээр худалдан борлуулдаггүй, хадгалалт, түгээлт дээр онцгой горим шаарддаг, өндөр өртөгтэй эмүүдийг анхаарч, оруулж ирэх аж.