Нүүрсний үнэ унаж, хилийн цаана агуулах дүүрсэн тул экспорт удааширсан нь төсвийн орлого тасрах эрсдэл үүсэж байгааг эдийн засагчид сануулж эхэлсэн юм.
Тэгвэл "боомтууд дээр ханш уналт давалгаалж, зах зээлийн шархаа хамгийн ядуу тээвэрчдээс зулгааж эхэлсэн" хэмээн тээвэрчид цахим орчинд байр сууриа илэрхийлж эхэлсэн байна. Улмаар Шивээхүрэнгийн тээвэрчид тэг зогсолт эхлүүлж, шаардлага хүргүүлжээ. Мөн “Баян зам тээвэрчдийн холбоо”-ноос өнөөдөр /2025.02.10/ дараах агуулга бүхий мэдэгдлийг гаргажээ.
Тус мэдэгдэлд:
“Боомтууд дээр цалин хөлс, ханш уналт сараар бус өдрөөр явагдах боллоо. Тээвэрчдийн хоолны мөнгийг хасах хэвийн үзэгдэл боллоо. Аргагүй эрхэнд ажил хаялтад шилжиж буй тээвэрчдийг ажлаас халах дарамт үзүүлэх үйлдлүүд гарсаар байгаа гомдлыг бид нэгтгэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 11.1.1 Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх саад учруулах, ажилтны эрх хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох уг зорилгоор санхүүгийн болон бусад дэмжлэг амлах, үзүүлэх нь хориотой.
Зөрчвөл тухайн хуулийн этгээдийн хууль бус дарамтын талаар зөрчлийн хуулиар цагдаад гомдол гаргах эрх бидэнд нээлттэй байгаа шүү. Шүгэл үлээгчийн тухай хууль ч бас байгаа. Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө...” хэмээн мэдэгдэл гаргажээ.