Монгол Улсын төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан гурван албан албан тушаалтан гадаадын тагнуулын албатай хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Монгол Улсын иргэн Б.Ариунаа, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нар нь гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон байна.
Тухайн хэргийг Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Улмаар прокуророос дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэг, 19.4-2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус нууцын хэргийг хоёрдугаар сарын 07-ны өдөр хэлэлцэхээр товлоод байсан юм.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал хойшилсон байна. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, энэ дагуу тус хэргийг шүүх хурлыг хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.
Ташрамд өгүүлэхэд, Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх Монгол Улсын иргэн Б.Ариунаа, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нарт өдгөө цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа бөгөөд тэд чухам хаана албан тушаал хашиж, аль улсын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх мэдээлэл нь тодорхойгүй нууц байгаа юм.