ШУУРХАЙ: Цагдаагийн албанд ажиллаж байсан залуу гурван хүүхэдтэйгээ угаартсан байж болзошгүй амиа алдсан бус галд өртөж нас баржээ

ШУУРХАЙ: Цагдаагийн албанд ажиллаж байсан залуу гурван хүүхэдтэйгээ угаартсан байж болзошгүй амиа алдсан бус галд өртөж нас баржээ

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух нэг айлын зургаан хүн угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан.

Тухайн харамсалтай хэргийн талаар өнчирч хоцорсон цэргийн хүү мэдээлэл хийсэн нь өдгөө олны анхаарал татаж, шахмал түлшинд тавих стандарт, шаардлага, түүнээс үүдэн гарах үүрэг хариуцлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаас нэхэж байна. Тэгвэл эл асуудлын чимээ намжаагүй байхад өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин олон хүн угаартсан байж болзошгүй нөхцөл байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарсан талаарх мэдээлэл цацагдсан.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг нэгэн иргэн гурван хүүхэдтэйгээ угаартсан байдалтай нас барсан хэрэг өнгөрөгч бямба гараг /2025.02.08/-ны шөнө гарсан гэх мэдээлэл цацагдсан юм. 

Тэгвэл энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу явуулсан шалгалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг ... тоотод монгол гэр шатаж, 4 иргэн нас барсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон. Тэдгээрийн 3 нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Шатаж амь хохирсон 34 настай иргэн нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2024 оны наймдугаар сард албанаас чөлөөлөгдсөн иргэн байсан" гэх мэдээллийг өглөө. 

Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн айлын эзэгтэй харамсалтай хэрэг гарсан өдөр ажилтай байсан бөгөөд нөхөр нь хүүхдүүдийнхээ хамтаар гэртээ хонож байгаад амь насаа алдсан байна. Нас барсан иргэд гэртээ шатаж амиа алдсан ч шатахаасаа өмнө угаартсан байж болзошгүй гэх мэдээллийг өгсөн юм. Тус хэргийг өдгөө цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.