Наадамчдын гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагийг 1-р хороололтой холбох автозам гүүрэн байгууламжийн ажил анх 2023 оны гуравдугаар сард эхэлж байв. Гэвч өнгөрсөн зургаадугаар сард үргэлжлэн орсон борооны улмаас бүтээн байгуулалтынхаа явцад автозамын хэсэг усанд автаж, гүүрний инженерчлэл иргэдийг бухимдуулж байсан. Улмаар 2024 оны есдүгээр сард гүүр ямартай ч ашиглалтанд орсон юм. Гэтэл энэхүү гүүрэнд нийт дөрвөн гүүрэн байгууламж баригдах ёстой байсан талаар эх сурвалж бидэнд баримттай мэдээллээ.
ВИДЕО:
-ЯАРМАГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ АВОЗАМЫН ХЭСЭГТ 150 МЕТР УРТТАЙ ДАХИН НЭГ ГҮҮРЭН БАЙГУУЛМЖ БАРИГДАХ ЁСТОЙ БАЙСАН-
Гүүрний бүтээн байгуулалтыг “Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК гэх гурван компани хийсэн бол өнгөрсөн зун усанд автаад байсан автозамын бүтээн байгуулалтын ажлыг “Тотал инж” ХХК гүйцэтгэжээ. Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдсан ба эхний гүүр нь 36.7 метр урт. Энэ нь Туул голын салаа дээр баригдсан бол дараагийнх нь 391.5 метр урттай. Харин гурав дахь гүүр нь 54.8 метр урт бөгөөд Дунд гол дээгүүр барьсан юм.
Түүнчлэн өнгөрсөн зун усанд автаад байсан автозамын хэсэгт 150 метр урттай ахин нэг гүүрэн байгууламж баригдах ёстой байжээ.
Тодруулбал, анх 2021 онд дөрвөн гүүрэн байгууламжаас бүрдэх зураг төслийг ГБЭТ ХХК гүйцэтгэж байсан бөгөөд зураг төслөөс харвал ПК3+27,78 - ПК4+80,41 хороонд тавигдах байсан 150 метр урттай гүүрэн байгууламж хасагдсан байна.
-“АВТОЗАМ ДЭЭГҮҮР ЭНЭ ЖИЛ ДАХИН НЭГ ГҮҮР БАРИНА” ГЭХ ТАЙЛБАРЫГ АЛБАНЫХАН ӨГӨВ-
Иймд бид 150 метр урт дөрөв дэх гүүрэн байгууламж яагаад хасагдсан талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулахад, “Угаасаа дөрвөн гүүр баригдах ёстой. Нэг гүүрийг энэ жил барихаар төлөвлөсөн. Яг тэр автозамын хэсэгт ахин нэг гүүрийг барина. Барихдаа авто замын яг дээгүүр нь барина” гэсэн юм.
Өнгөрсөн оны зургаадугаар сард нээгдэх байсан уг гүүр усанд автаж, нээлт хийх хугацаа нь хойшилсоор есдүгээр сард ашиглалтанд орж байв. Уг гүүрийг улсын төсвийн 77.8 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд Монголын анхны зургаан эгнээ бүхий гүүр хэмээн тодотгож байсан. Гэвч гүүрэн байгууламж өнгөрсөн зун усанд автсан нь иргэдийн эргэлзээг төрүүлж буй бөгөөд ирэх жил ч автозамын хэсэг ахин усанд автахыг үгүйсгэх аргагүй юм. Гэтэл энэ жилийн нийслэлийн төсөвт гүүрэн байгууламжийн төсөл суугдаагүй бөгөөд төсөв нь хаанаас гарах, мөн энэ жилдээ багтаж баригдах эсэх нь ч тодорхойгүй байна.