Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Арванхоёрдугаар сарын 5-нд анхны тохиолдол бүртгэгдсэний дараа 2,000 тун вакцин худалдан авсан. Ирэх долоо хоногт Монгол Улсад бууна. Батлагдсан тохиолдлын хавьтлууд болон эрсдэлт бүлгийн хүн амд тархвар зүйн заалтаараа вакцин хийнэ гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлээд байгаа билээ.
Зөвлөгөө:
Менингококкын халдварын гол онцлог нь өндөр халуурах шинж тэмдгээр илэрдэг. Халууны эм уулгаад түр буусан ч буцаад 39, 40 хэм хүртэл маш өндөр халуурдаг. Насанд хүрэгчид гаднаас халдварын нянг тээж, бага насны хүүхдүүдэд дамжуулах тохиолдол бий. Иймд томчууд гэртээ ороод гадуур хувцсаа тайлж, хоолой амаа зайлаад, ариун цэврээ сахисны дараа бага насны хүүхэдтэйгээ харьцахыг зөвлөе.
Шинж тэмдэг:
- 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах
- Халууны эмэнд буухгүй байх
- Богино хугацаанд дахин өндөр халуурах
- Бие сулрах, дотор муухайрах
- Бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл номой болох
- Царай цонхийх
- Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг байна.