ШУУРХАЙ: Монгол Улсын төрийн нууцын гурван ажилтан гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт холбогджээ

ШУУРХАЙ: Монгол Улсын төрийн нууцын гурван ажилтан гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт холбогджээ

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх Монгол Улсын иргэн Д.Нямжав анхан шатны шүүхээс найман жилийн хорих ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Монгол Улсын төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан гурван албан албан тушаалтан гадаадын тагнуулын албатай хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогджээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Б.Ариунаа, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нар нь гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон байна.

Тухайн хэргийг Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Улмаар прокуророос дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэг, 19.4-2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус нууцын хэргийг ирэх баасан гарагт буюу хоёрдугаар сарын 07-ны өдөр хэлэлцэхээр товлоод байгаа аж. 

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх Монгол Улсын иргэн Б.Ариунаа, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нарт өдгөө цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа бөгөөд тэд чухам хаана албан тушаал хашиж, аль улсын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх мэдээлэл нь тодорхойгүй нууц байгаа юм.

Ташрамд өгүүлэхэд, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/-ийн 1-д "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ". Мөн хуулийн 2-д "Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Тайлбар: -Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө гэж заажээ. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө