Монгол Улсын иргэн Д.Нямжав гэгч нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон Д.Нямжавд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс Д.Нямжавыг гаднын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, түүнд 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.
Нийслэлийн прокурорын газраас Д.Нямжав гэх иргэнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт зааснаар буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх зүйл ангиар яллаж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлээд байсан юм.
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ