Б.Баттүшиг: МҮОХ-ноос өвлийн спортод оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтад 115 сая төгрөг зарцуулсан

Б.Баттүшиг: МҮОХ-ноос өвлийн спортод оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтад 115 сая төгрөг зарцуулсан

Азийн өвлийн спортын IX наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр /2025.02.03/ болж байна. 

Энэ үеэр Олимпийн хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг ярихдаа,  “Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадамд манай улсаас 34 үндэсний олимпийн хорооны 1200 гаруй тамирчин зургаан спортын 11 төрлөөр 64 багц медалийн төлөө хурд хүчээ сорих гэж байна. Энэ удаагийн наадамд Монгол Улсын тэшүүр, цана, биатлон, кёрлингийн дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчин, 26 багш дасгалжуулагч, албаны хүмүүс оролцохоор явах гэж байна. 2025 оны өвлийн олимпд Монгол Улс анх удаа кёрлингийн төрлөөр оролцохоор болсон. Монголын баг тамирчид 1986 оноос хойш өвлийн спортын наадамд тасралтгүй амжилттай оролцож ирсэн билээ. Энэ хугацаанд нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн түүхтэй. Монголын олимпийн хорооноос өвлийн спортод онцгой анхаарал хандуулж, баг тамирчдын бэлтгэл сургуулилт дээр 115 сая төгрөг зарцуулаад байна. Мөн баг тамирчдын хувцасыг “Канг Вон-2024” залуучуудын өвлийн олимпиор хамтарч ажилласан “Келме” брэнд 40 хүртэл хувийн хямдралтай үнээр нийлүүллээ. Мөн нийт төлбөрийн 38 сая төгрөгийг Монголын үндэсний олимпийн хорооноос, 75 хувийг Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, Биеийн тамир спортын хорооноос дэмжлэг үзүүллээ” гэв.  

Мөн энэ удаагийн өвлийн спортын наадамд оролцох монголын баг тамирчид Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулан оролцохоор болжээ.