Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдаанд зодоглох бөхчүүдийн цахим бүртгэл өчигдөр эхэлжээ. Барилдах бөхчүүд devjee.mn сайтаар нэвтрэн зааврын дагуу бүртгүүлэх юм. Сумын цолтнуудын хувьд сар шинийн баярын цуврал барилдааны өмнөх хамгийн том сорилго гэдгээрээ онцлогтой. Цахимаар бүртгүүлээгүй бөхчүүдийг барилдаа эхлэх өглөө нэмэх боломжгүйг зохион байгуулагчид анхааруулав.
Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит барилдааныг өмнө нь гурван удаа зохион байгуусан байдаг. Ингэхдээ үндэсний бөхөөр барилдах хүсэлтэй цолгүй бөхчүүдийг хамруулдаг байв. Харин энэ жилээс сумын цолтнуудыг оролцуулахаар болжээ. Өнгөрсөн жил барилдаанд улсын харцага М.Дармаабазарын хүү үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлсэн сумын начин Д.Нарантулга түрүүлж байсан юм.