Мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын тэмцээн болох Хацү башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 1-р сарын 12-ноос 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн башёд Монголын 23 бөх зодоглосон бөгөөд Мэргэжлийн сүмо бөхийн озэки Хошорюү С.Бямбасүрэн амжилттай сайхан барилдаж, 12 даваа, 3 унаатайгаар түрүүлэв. Ингэснээр тэрээр ёкозүна цол хүртэж магадгүй болоод байна. Озэки Хошорюү С.Бямбасүрэн нь 1999 оны 5-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн ач, Асашёорюү Д.Дагвадоржийн ах Д.Сугаррагчаагийн дунд хүү юм.
2023 оны 7 дугаар сард болсон Нагоя башёд 12 даваа, 3 унаатайгаар түрүүлж, дээд зиндаанд анх удаа түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч болсон тэрбээр энэхүү амжилтаараа озэки цолны болзол хангаж байв. Энэ удаа түрүүлсэн бөхөд олгодог Япон Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Япон Улсын Ерөнхий сайд Шигэрү Ишиба өөрийн биеэр гардуулж, мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом, баярын бичгийг Монгол Улсаас Япон Улсад суугаад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан гардууллаа.
ВИДЕО: