Монголын үндэсний бөхийн холбоо, үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” компанитай хамтран зохион байгуулдаг “Атар” хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан 19 дэх жилдээ боллоо.
2006 оноос эхлэлтэй уг барилдааныг анх Монгол Улсын хүндэт засуул Ж.Халтмаагийн хүү гавьяат тамирчин Баттуулын санаачилгаар бөхийн ёс жудаг, өв соёлыг залуу хойчдоо өвлүүлэх, ард иргэдэд таниулах зорилгоор зохион байгуулж байв. Тэгвэл 19 дэх удаагийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэв.
Н.Өсөхбаяр арслангийн хувьд 2022 онд энэхүү барилдаанд түрүүлж байсан бол энэ жил хоёр дахиа түрүүлэв. Ингэснээр тэр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр түрүүлсэн дөрөв дэх бөх боллоо. Түүнээс өмнө одоогийн улсын начин Ш.Тогтохбаяр, А.Алтанхуяг, харцага Ш.Мөнгөнбаатар нар уг барилдаанд хоёр түрүүлсэн юм. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр шинэ он гарснаас хойш Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд үзүүрлэж, “Атар” хэвийн боовны баярын барилдаанд түрүүлж байгаа нь энэ. Тэрбээр түрүүлснийхээ дараа ярихдаа “Даваа бүр чанга байлаа. Аймгийн хурц арслангууд цолныхоо эрэмбийг харуулж, авсан цолондоо эзэн байж бүгд дээшээ барилдлаа. Бэлтгэлийн формоо сайн хадгалж, дараачийн барилдаанууддаа амжилт гаргахын төлөө хичээнэ” гэв.
Их шөвөгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа. Харин наймд аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Ц.Төмөрцоож, Г.Цоггэрэл, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр нар үлдэв.