Өвлийн морин уралдааныг сэргээхээр Засгийн газартай тохирсон хойноо "ёс болгож" жагсав уу

Өвлийн морин уралдааныг сэргээхээр Засгийн газартай тохирсон хойноо "ёс болгож" жагсав уу

Монголчууд эрт дээр үеэсээ уламжлалт эрийн гурван наадмаа тэмдэглэн, үндэсний баяр наадам болтлоо хөгжүүлж, “Эрийн гурван наадам хэмээн нэрийдэж, дээдлэн баярласаар ирсэн. Гэвч хурдан морины уралдаан ярихад унаач хүүхдийн эрхийн асуудал зайлшгүй хөндөгдөнө.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДАЖ, 2019 ОНД ӨВЛИЙН МОРИН УРАЛДААНЫГ ЗОГСООСОН-

Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухайн конвенцын оролцогч орон болсон бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах талаар олон улсын өмнө үүрэг хүлээсэн гэсэн үг. Хурдан морины унаач хүүхэд тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж, эрх нь зөрчигдөж байдаг тул хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг Хүний эрхийн комиссоос Монголын морин спорт унаачдын холбоонд жил бүр анхааруулдаг. НҮБ-ын Хүүхдийн сангаас хүртэл Монголд зохиогддог морин уралдааны талаар жич ярьж, мориноос унаж бэртсэн, тахир дутуу болсон, нас барсан хүүхдүүдийн асуудалд Засгийн газрыг анхаарал хандуулах ёстой гэж үзсэн байдаг.

Гэвч үүнийг олон жил үл ажран хурдан морины уралдааныг өвөл, хавар, намар, зунгүй жилийн дөрвөн улиралд зохион байгуулж, үүнд нь хүүхэд багачууд хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, эрүүл мэнд, бүр цаашилбал амь насаараа ч хохирох асуудал их гарч байсан тул Өвөл, хаврын морин уралдааныг хориглосон юм. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр, Засгийн газрын 57-р тогтоол гарч, жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.

Хаврын морин уралдааныг хориглоод өдгөө 6 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гэтэл уяач иргэд хаврын морин уралдааныг сэргээх асуудлаар талбай дээр морьтой жагсаал хийж эхлэв.

Тэд үндэслэлээ тайлбарлахдаа "монголын морины соёл устаж үгүй болох гээд байна, өв соёлоо эрхэмлэн, хөдөөгийн ахуй соёлоо хөгжүүлж өвөл, хаврын морин уралдааныг сэргээе" гэх аж. Гэтэл энэ үеэрээ тэдний хэн нь ч хүүхдийн эрхийн талаар хөндөж, дурдсангүй.

-ЭНЭ УДААГИЙН ЖАГСААЛ ШИЙДВЭР НЬ ГАРЧ, ТОХИРОО НЬ БҮРДСЭН БАЙВ УУ-

Сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан томчуудын наадгай болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Үнэтэй машинуудаар морь дагаж, нисдэг тэргээр үсэргээ үзэж, хэн нь баян чадалтайгаа, хэн нь илүү хурдтайгаа гайхуулж, хурдан мориороо, эд хөрөнгөөрөө, төмөр хүлгээрээ нэгнийхээ хойно урд нь гаран давхилдаж байх хооронд хохироод үлддэг нь хүүхдүүд л байдагт иргэд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Хаврын хамгийн том морин уралдаан болох Дүнжингарав морин уралдааны үеэр жил бүр 10 гаруй хүүхэд унаж бэртсээр хамгийн сүүлд 2018 онд харанхуйд уралдааныг зохион байгуулсаны улмаас олон хүүхэд унаж бэртсэнээр 2019 онд Засгийн газрын тогтоол гарч өвлийн уралдааныг хорьсон юм. Гэтэл уяачид дахин тэмцэж эхэлсэн нь хаанахын хатгалга, хэний шийдвэр байв.

Ямартай ч тэдний жагсаал хэн нэгэн санхүүжүүлэв үү гэлтэй олон уяачид сүр дуулиантай ирэн жагсаж, иргэдийн дуу хоолойгоо илэрхийлсэн аль ч жагсаалд ирээд байдаггүй дуучид ирж, ая дуугаа өргөсөн байх юм.

Мөн хотын төв рүү морьтой орж, ТҮК-ийн ажилчдад хүндрэл учруулсанд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандав.

 

Мөн энэ удаад шийдвэрээ гаргаж, тохироогоо хийчихээд дараа нь жагсаал зохион байгуулсан уу гэх хардлага иргэдийн дунд байна. Учраа нь тэгж таарсан уу гэлтэй зууны манлай уяач Д.Даваахүү гуай нэвртүүлэгт орон өвлийн морин уралдааныг сэргээх хэрэгтэй хэмээн ярих. Сүүлд сануулж хэлэхэд хэн ч монгол үндэсний баяр наадмаа эсэргүүцээгүй бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангаас өгсөн зөвлөмж, өвлийн морин уралдаан хүүхдийн эрхийг зөрчиж байна гэсэн шүүхийн шийдвэр, Засгийн газрын тогтоол зэргийг үндэслэн өвлийн морин уралдааныг зогсоосон гэдгийг нэхэн сануулъя.