Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр шүүхийн авлигатай холбоотой асуудлаар улс төрийн ноцтой мэдэгдэл хийсэн нь өдгөө олны анхаарлыг татсан хэвээр байна.
Тэрбээр энэ талаар "Шүүхийнхэнд хандаж хэлэхэд Ерөнхий сайдыг огцруулах гээд ШЕЗ-ийн гишүүдээ архидуулаад явахын оронд авлигачидтайгаа тэмц. Байшин, СӨХ, мега төслийн ард байгаа авлигач шүүгч нарын асуудлыг задлах зүйлийг парламент ярина гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Шүүгч нар нь авлигач улс яаж авлигатай тэмцэх юм бэ. Мега төслүүд бүгд Захиргааны хэргийн шүүх дээр гацсан. Тавантолгойн Дулааны цахилгаан станцын асуудал шүүх дээр гацаж байгаа. Ард нь авлигын асуудал бий. Үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг хэчнээн жил явах вэ" хэмээсэн.
ВИДЕО:
Монгол Улсын засгийн газар "Тавантолгойн" дулааны цахилгаан станцыг барина гэснээс хойш 10 гаруй жил өнгөрсөн ч төсөл гацсан хэвээр байгаа. Учир нь тендер шалгаруулалтаар санал ирүүлсэн компаниудын дунд маргаан үүсэж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон байдаг.
Тэгвэл Ерөнхий сайдын хэлж, анхааруулаад буй Тавантолгойн дулааны цахилгаан станцын шүүхийн маргаан гурван шатны шүүхээр ороод эцэслэгджээ.
Тодруулбал, “Митайм интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хороонд холбогдох хэргийг Улсын Дээд шүүх шинэ оны өмнөхөн буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр эцэслэсэн байна.
Тодотговол, Хяналтын шатны шүүхээс хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг ханган анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Харин гуравдагч этгээд “Майнс ап” ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээд “Чайна Вэстэрн Павр Индастриал” ХХК, “Майнс Ап” ХХК, “Бээжин Бэйжонг Уурын турбин генератор” ХХК-уудын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
- Нэхэмжлэгч “Митайм интернэйшнл” ХХК-ийн хувьд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.3-т “тендерт оролцогч нь сүүлийн 5 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлэх”, мөн ТШЗ 17.6.4-т “сүүлийн 10 жилийн хугацаанд ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлагын шаардлага” /450МВт-ын цахилгаан станц барьсан байх/-ыг хангаагүй тул түүний ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж үзэхгүй,
- энэ талаар дүгнэсэн Сангийн яамны шийдвэр хууль зөрчөөгүй байна. Тиймээс Сангийн яамны албан бичгийг хүчингүй болгож, Эрчим хүчний яаманд нэхэмжлэгчийн тендерийг хамгийн сайн гэж үзсэн зөвлөмж гаргуулах, гэрээ байгуулахыг даалгах боломжгүй.
Гуравдагч этгээдийн хувьд түншлэлийн оролцогч “Чайна вэстэрн павр индастриал” ХХК 1.1 тэрбум юаны зээлтэй нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5-д заасан санхүүгийн чадавхыг, мөн түншлэлийн оролцогч “Майнс апп” ХХК нь ТШЗ 17.6.4-т заасан “сүүлийн 10 жилийн хугацаанд ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлагын шаардлага”-ыг хангаагүй гэж үзсэн хариуцагч Сангийн яамны шийдвэртэй маргаагүй атлаа Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хорооноос гэрээ байгуулах зөвлөмж гаргах, улмаар яаманд гэрээ байгуулахыг даалгах агуулгаар бие даасан шаардлага гарган маргаж байгаа нь үндэслэлгүй.
Нэгэнт дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй энэ тохиолдолд “тендерийн хүчинтэй хугацаа дууссан учир тендер шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй” гэсэн Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгосноор маргаж буй талуудын эрх сэргэхгүй тул үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгосон байх аж.
-ТАВАНТОЛГОЙН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРСНООР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖ БҮРДЭХ БАЙВ-
Тавантолгойн дулааны цахилгаан станцын хэргийн талаар эргэн сануулахад, Тавантолгойн дулааны цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 2020 оны арванхоёрдугаар сард баталж, 2023 оны тавдугаар сард шинэчилсэн байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төслийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн 2021 онд хийсэн бөгөөд станц барих Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь 90.23 га газрын гэрчилгээг 2021 онд авч, түүнээс хойш төлбөрийг зохих ёсоор төлж байгаа аж. Мөн 2023 онд Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газраар баталгаажуулалт хийлгэсэн байна.
Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 220кВ-ын хоёр хэлхээ, 167 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс дайран өнгөрөх Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.
Станцын барилга байгууламж барих зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг 2021-2022 онд хийж гүйцэтгэн, Галба-Өөш долоодын говийн сав газар, Наймдайн хөндий, Загийн усны хоолойн ордуудаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай ус хэрэглэх асуудлыг шийдвэрлэсэн. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгой уурхайг урт хугацаанд цахилгаан, эрчим хүчээр хангах гэрээг 2022 оны нэгдүгээр сарын 26-нд байгуулсан. Тус уурхайн хэрэглээ 236-285 МВт бөгөөд Тавантолгойн станц ашиглалтад орсноор дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах боломж бүрдэх юм. Харамсалтай нь Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны аравдугаар сард болон 2022 оны тавдугаар сард тус тус зарласан боловч амжилтгүй болсон байдаг.
Иймд Засгийн газраас станцын төслийг 300МВт+150МВт гэсэн хоёр үе шат болгон хуваах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 300МВт-аар барьж байгуулах төсөлд дахин тендер зарласан.
2023 оны зургаадугаар сард зарласан уг тендерт хоёр оролцогч санал ирүүлсэн байдаг. Нэгдүгээрт, Камбожийн Хаант Улсын “Mitime International” компани, хоёрдугаарт, БНХАУ-ын China Western Power Industrial компани, Beijing Beizhong Steam Turbine Genetator компани болон Монгол Улсын “Майнс Ап” ХХК-ийн түншлэл байжээ. Тендерийн хороо “Mitime International” компанийг шалгаруулсан боловч “Майнс Ап” ХХК-ийн түншлэл гомдол гаргасан тул Сангийн яам уг тендерийг түр түдгэлзүүлж, дахин үнэлэх чиглэл өгсөн байдаг. Гэвч тендерийн хүчинтэй хугацаанд дахин үнэлгээ хийж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй болж, уг тендер хүчингүй болсноор уг асуудал шүүхийн хаалга татсан юм.