"Дүжингаравын осол"-ын хохирогч Г.Дүүрэнжаргал: Манай байрыг нураах талаар ярихаас босгох талаар хэн ч, юу ч ярихгүй байгаа нь айдас төрүүлж байна /ВИДЕО/

"Дүжингаравын осол"-ын хохирогч Г.Дүүрэнжаргал: Манай байрыг нураах талаар ярихаас босгох талаар хэн ч, юу ч ярихгүй байгаа нь айдас төрүүлж байна /ВИДЕО/

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2024.01.24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд хий тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч, их хэмжээний хохирол учирсан билээ. Тодруулбал, энэхүү дэлбэрэлтийн улмаас олон хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж, 100 орчим айл эд хөрөнгөөрөө хохирсон байдаг. Гэсэн ч уг ослын хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулаагүй бүтэн нэг жил болж байна. Тэгвэл дэлбэрэлтэд өртсөн 206 дугаар байрны оршин суугчдын төлөөлөл, иргэн Г.Дүүрэнжаргалтай бид ярилцлаа.

ВИДЕО:

-Дүнжингаравын гэх тодотголтой осол гараад бүтэн нэг жилийн хугацаа өнгөрчээ. Тухайн үед ямар нөхцөл байдал үүссэн бэ гэдгийг ярихгүй юу?

-Манай байр шатаад нэг жил болоход 4 хоног дутуу байна. Ер нь бол жил тойрчихлоо. Тухайн үед шөнө унтаж байхад гэнэт пис пас дуугараад, босоод ирсэн чинь түймэр гарч байсан. Бүгдээрээ гадаа гараад ирсэн чинь манай байр шатаж байсан. Тэгээд л орох оронгүй болчихсон. Түүнээс хойш яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байсаар байгаад нэг жил боллоо.

-Танай гэр бүлийн хувьд хэр их хохирол амссан бэ. Эд хөрөнгөө авч чадсан уу?

-Манай гэр лүү бол гал ороогүй. Бид эд хөрөнгөө авч чадсан. Дээд талын 13 давхрын айлууд шатсан. Тухайн үед нэг айл бүрэн шатсан. Бусад айл бол утаа тортогт өртсөн. Манайх бол түрээсийн байранд орохдоо тавилгаа угааж, цэвэрлээд аваад явсан.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрхэн яаж амьдрав. Түрээсийн байрны үнэ ханш ямар байна?

-Анх түрээсийн байранд орохдоо найман сараар мөнгийг нь өгсөн. Түрээсийн хугацаа 8 сард дуусахаар бид энэ оны таван сар хүртэл сунгасан байгаа. Цаашид түрээсийн мөнгөний тал дээр дэмжлэг үзүүлсээр байх болов уу гэсэн бодолтой байна.

-Хохирогчид нэгдэж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөж байна уу. Яллагдагчаар татагдсан “Дашваанжил газ”-ын захиралтай уулзсан гэж сонссон?

-“Дашваанжил газ” компанийн Баатаржав захирал ирээд уулзья гэхээр нь бид бүгдээрээ цугласан боловч ирээгүй. “Ажилтай байгаад очиж чадсангүй” гэдэг тайлбар дараа нь хийсэн гэсэн. Тэр хүний хэвлэлд өгсөн ярилцлагыг нь үзэхэд “Манай компани буруутай нь үнэн ч юм уу, худал ч юм уу” гэж ярьсан. Бид бол Төр засагтаа татвараа төлдөг хүмүүс. Өдөр шөнөгүй ажиллаж байна. Тийм болохоор нийслэлээс бидний хохирлыг барагдуулаад, “Дашваанжил газ” компаниас төр засаг зардлыг нь гаргуулж авах хэрэгтэй гэж бодож байгаа.

-Түрээсийн мөнгөнөөс өөрөөр та бүхэнд мөнгөн болон эд хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн зүйл бий юу?

-Байхгүй байх. Манайд лав байхгүй. Гэрт нь гал орсон, гэр нь шатсан айлууд мөнгө орлоо, авлаа гэсэн юм яриагүй. Би тийм зүйл сонсоогүй.

-Төрөөс өгч байгаа түрээсийн мөнгө хангалттай байна уу. Түрээсийн байранд жил амьдрана гэдэг амаргүй байгаа болов уу?

-Түрээсийн байранд амьдрана гэдэг амаргүй л байна. Наад зах нь бид ханан дээр нь зургаа өлгөж чадахгүй байна. Хэзээ ч эндээс гарах юм билээ гэж бодно. Өөрсдийн гэсэн гараж байхгүй. Машинаа хаана тавих вэ гэдгээс эхлээд асуудал их. Нийтийн байранд байгаа юм шиг л амьдарч байна. Өөрийн гэсэн гэр оронтой байна гэдэг чинь үнэхээр тааваараа дураараа сайхан байдаг юм байна. Тав тухын хувьд харьцуулшгүй. Маш тухгүй нөхцөлд л байна. Одоо тэгээд яах юм бол гээд хараад л байж байна. Манай байрыг нураах тендер зарлагдлаа гэсэн. Тэр нь хэзээ нээгдэх юм. Тендер оруулдаг цахим хуудсаар орж үзээд би л хувьдаа тэр тендерийг нь олж үзээгүй. Сурагчдын амралтаар механизмаар дор нь нураачихна гэж Х.Нямбаатар дарга ярьж байсан. Одоо бараг нурчих хугацаа өнгөрлөө. Тэгсэн чинь хажуудаа сургууль цэцэрлэгтэй болохгүй юм байна гэсэн. Одоо гараар нураана гэж байна. 12 давхар барилгыг гараар нураана гэхээр санаанд багтахгүй юм. Би барилгын салбарт ажилладаг хүн. Ганц өрлөгтэй хана нураахад л маш их эрсдэл байдаг. Хүн дарагдчихвал яах вэ гэдгээс эхлээд эрсдэл өндөртэй. Хэрэв тэгвэл манай байрыг нураах ажил ахиад л зогсоно. Үлгэрийн л юм яриад байх шиг байна.

-Та бүхэнд шинэ байр хэзээ ашиглалтад орох талаар хугацаа хэлсэн болов уу?

-Зөвхөн нураана гэж яриад байгаа. Нураах тендер, нураах ажиллагааг, нураах компани хайж байна гээд зөвхөн нураах тухай зүйл яригдаад байгаа. Нураана гэдэг зүйл л яриад байгаа. Босгох талаар хэн ч ярихгүй байна. Нэг компаниас нураагаад, дахиж барихад ийм өртөг зардал орно гэдэг судалгааг нийслэлд өгсөн юм шиг байна лээ. 2 жил найман сарын дотор нураагаад шинээр барьчих юм байна гэсэн тайлбар бидэнд өгч байсан. Түүнээс хойш дандаа л нураана гэж ярьж байна. Барина гэж хэн ч ярихгүй байна. Тэр л их айдастай санагдаж байна. Хэн барих юм тэр нь тодорхойгүй.

Нураах шалтгааныг хэлээч гэхээр үндсэн нураах шалтгаан нь арматурын хийцэндээ жаахан мушгиралт байгаа гэсэн. Тэр нь юунаас болоод яагаад мушгирсан юм бэ гэхээр 2016 онд  нэг шинэ стандарт батлагдсан бололтой. Монголын барилгын стандарт 2015 онд  6-7 баллд тэсвэртэй байхыг шаарддаг байсан юм байна. Харин одоо бол 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхыг шаарддаг болсон гэнэ. Тэгэхээр стандарт хоорондын зөрүү байна гэх шалтгаанаар нураах гээд байгаа юм билээ. Нийслэлээс нураана гээд байгаа. Тэгээд суурийг нь ухаж авч, арматурыг нь солих юм уу гэхээр зарим нь ам дагуулаад тийм гэнэ. Зарим нь үгүй гээд байгаа. Хэрэв суурийг шинээр цутгахгүй юм бол стандарт хоорондын зөрүү хаана үйлчлэх гээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй. Худлаа болох гээд байна. Яг нарийн ярьвал нийслэлийн удирдлагууд манай байранд ирж үзээгүй л юм билээ ш дээ. Х.Нямбаатар орон нутгийн сонгуулийн өмнө ирээд “сүр сүр” юм ярьж байгаад явсан. Ёмкс дэлбэрээд манай байр руу үсэрч мөргөсөн гэж яриад байгаа. Уг нь тэгээгүй ш дээ. Замын цаад талын Sunny town  байрыг мөргөсөн шүү дээ. Тэгэхээр би бол гомдолтой байна. “Дашваанжил газ” компани гэхээс илүү нийслэлийн удирдлагуудад гомдолтой байна. Барилга хот байгуулалтын яамнаас манай байран дээр хийсэн дүгнэлтийг үзэхэд үнэхээр инээдтэй санагдсан. Тайлан шиг юм биччихсэн байсан.

-Ер нь бол хотын удирдлагууд “арьсаа хамгаалах”-ын тулд нураах шийдвэр гаргасан гэж та үзэж байна уу?  

-Тийм. Яагаад гэвэл зургаан сард байх аа, Нийслэл дээр өргөтгөсөн хуралдаан болсон. Тэр хуралдаан дээр “Энэ зэргийн барилгыг нураана гэж юу байсан юм” гэдэг шийдвэр гаргасан. Долоон сард засчих юм байна гэдэг протокол үйлдээд гарч байсан. CO2 хоёр нь арматураа идчихдэг гээд тэрэн дээр нь дүгнэлт авья гээд МУИС-ийн эрдэмтэн докторуудтай гэрээ хийсэн юм билээ. Тэндээс арматурыг идээд үнс болгох CO2 байхгүй байна гэдэг дүгнэлт гарсан. Тэгтэл гэнэт нураах болоод явчихсан. Тэр шийдвэрийг би ойлгохгүй байгаа.

Дүнжингаравын хохирогчдын зарим нь энэ байраа засаад орох юм сан гэж бодож байна. Зарим нь шинэ байртай болчих юм сан гэж бодож байна. Тэгэхээр нийслэлийн удирдлагууд олны хэл амнаас л айгаад байна. Би бол засуулья гэдэг дээр нь гарын үсэг зуруулаад явсан. Өөрсдийн хүсэлтээр нураахаар боллоо гэдэг зүйл удирдлагууд ярьсан байсан. Тийм биш шүү дээ. Нураахаар боллоо. Та нар хүсэлтээ өг л гэсэн. Бидний хувьд ямар нэг үр дүн үзэх юм сан гэсэн бодолтой л байна. Одоо тэгээд өнгөрлөө л дөө. Ямар ч шийдвэргүй жил тойрчихлоо.