Монголын баг тамирчид өвлийн спортын оюутны дэлхийн аваргыг зорьжээ

Монголын баг тамирчид өвлийн спортын оюутны дэлхийн аваргыг зорьжээ

Италийн Турин хотноо энэ сарын 13-23-нд спортын 11 төрлөөр дэлхийн оюутны спортын Универсиад 32 дугаар наадам өчигдөр нээлтээ хийсэн байна. Энэхүү наадамд  57 орны 2000 гаруй баг тамирчид оролцож байгаа.

Монголын баг тамирчид энэхүү наадамд уулын цана, уран гулгалт, гүйлтийн цана, шорт трейк, снөүбордын төрөлд  өрсөлдөж  байгаа бөгөөд 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Универсиадын наадмын уулын цанын төрөлд эрэгтэй тамирчин О.Өсөх-Ирээдүй, эмэгтэй тамирчин А. Сондорбаяр, А. Итгэл нар оролцоно.  Харин наадмын снөүбордын төрөлд эрэгтэй тамирчин Г. Ганзориг хурд хүчээ сорин өрсөлдөнө.

Уулын цана, снөүбордын баг тамирчид Италийн баруун хойд хэсэгт, Франц улстай хил залгаа орших Бардонекчиа хотноо байрлах Универсиадын тосгонд энэ сарын 12-нд очиж, бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээндээ оролцож байгаа аж.

Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганзориг нь 2019 оноос хойш снөүбоардоор тасралтгүй хичээллэж ирсэн бөгөөд Монгол Улсын снөүбоардын 3 удаагийн аварга, Улаанбаатар хотын аварга, Монголын бүх ард түмний их наадамд фрийстайл төрөлд алтан медаль, слалом төрөлд мөнгөн медаль эзэлж байсан билээ. Мөн 2023 оны АНУ-д зохион байгуулагдсан Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд снөүбоардын төрөлд оролцож слалом төрөлд 24 байр, жиант слалом төрөлд 23 байр, 2024 онд БНХАУ-д зохиогдсон Олимпын онооны эрхийн тэмцээнд 7 байр, Азийн цомын тэмцээнд 26 байрт орсон эзэлж Монголын анхны шинэ снөүбоардын рекорд тогтоосон амжилттай тамирчин билээ.

Снөүбоардын спорт нь өвлийн Олимпын наадмын төрөлд багтдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Монголд эрчимтэй хөгжиж байгаа спортуудын нэг юм.