МУГТ Э.Цэндбаатарын WBA холбооны Хойд Америкийн аваргын бүс хамгаалах тулаан Улаанбаатар хотод ирэх сарын 15-ны өдөр болно. Энэ нь дэлхийн мэргэжлийн боксын WBA холбооноос Монгол улсад зохион байгуулж байгаа анхны аваргын бүс хамгаалах тэмцээн юм. Тэгвэл өнөөдөр /2025.01.13/ Монголын мэргэжлийн боксын зөвлөл, Tsendy Heroes компани, тэмцээн зохион байгуулагчид болон Э.Цэндбаатар хэрхэн бэлтгэл хангаж буй талаараа мэдээлэл өглөө.
МУГТ Э.Цэндбаатар, "Бокс тоглоод 16 жил болж байна. Мэргэжлийн боксын дэвжээнд хөл тавиад хоёр жил боллоо. Би өөрийн гэсэн багтай болсон. Багт маань залуу үеийн төлөөлөл болсон хүчтэй найзууд маань бий. Залуучуудыг ялангуяа дүү нарыгаа мэргэжлийн бокс руу гаргая гэж бодож байна. Хойд Америкийн аваргын бүсийг авах гэж хоёр жил хөдөлмөрлөж, хичээлээ. Харин одоо бүсээ хамгаалах гэж байна. Би 61.2кг буюу дээд жиндээ тоглохоор болсон. Тулаанд WBA холбооны ерөнхийлөгч ирнэ. Майк Тайсон гэх тамирчныг та бүгд мэднэ. Үүн шиг л зурагтаар үздэг тоглолтыг Монголд харуулахыг зорьж байна.
Би "Баянгол"-д байрлаад бэлтгэлээ хангаж байгаа. Багш маань 14 хоногийн хугацаагаар ирээд нутаг буцсан. Тэмцээн болохоос долоо хоногийн өмнө ирнэ. Монголын нөхцөл бэлтгэл хийхэд маш хүнд байна. Түгжрэл, утаа, өглөө гүйхэд тулгарах бэрхшээл гэх мэт асуудлууд байна. Тиймээс энэ тулаанаа хийхийн тулд энэ сарын 15-нд буцаад Америк явна. Тэмцээний өмнө буюу хоёрдугаар сарын 10-нд буцаж ирээд тулаанаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Хэрэв энэ тулаанд ялалт байгуулбал, тавдугаар сард дэлхийн аваргад тулалдах боломж нээгдэнэ. Онцолж хэлэхэд энэ тэмцээнд Н.Төгсцогт ахыг тоглооч гэж хүссэн. Миний аваргын бүс авах тулааны өмнө Н.Төгсцогт ах тулалдана гэдгийг дуулгаж байгаадаа баяртай байна" гэлээ.