Монголын үндэсний олимпын хороо Цахим спортын комисстой болжээ

Монголын үндэсний олимпын хороо Цахим спортын комисстой болжээ

ОУОХ-оос цахим спортыг олимпын хөдөлгөөний нэг хэсэг болгох санаачлагыг гаргаж, 2023 онд анх удаа “Олимпын цахим спортын долоо хоног”-ийг Сингапур улсад зохион байгуулж, улмаар 2025 онд Саудын Араб улсад “Цахим спортын олимпын наадам”-ыг зохион байгуулах болсноо зарласан билээ.

Манай улсын хувьд ч уг спортоор хичээллэдэг хүүхэд залуусын тоо нэмэгдэж, тив дэлхийн тэмцээн уралдаануудад амжилт үзүүлж байна. Үүнтэй холбоотойгоор МҮОХ-ны дэргэд “Цахим спортын комисс”-ыг байгуулагдаж, анхны хуралдаанаа зохион байгууллаа. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Цахим спортын комисс” байгуулах болсноо 2024 оны МҮОХ-ны Гишүүдийг хурлын үеэр санаачлан танилцуулж байсан билээ. Уг комисс нь Монголын цахим спортын баг тамирчдыг ОУОХ-ноос хүлээн зөвшөөрсөн наадмуудад оролцох, зохион байгуулалтаар ханган ажиллахаас гадна гишүүн спорт холбоодын идэвх оролцоог нэмэгдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд ажиллана.

Энэхүү комиссыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ахлах бол дэд даргаар Г.Бат-Эрдэнэ, гишүүдээр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн цахим спортын холбоо (AESF)-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Буяндэлгэр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нараас гадна Д.Батмөнх, Т.Халиунаа, Ш.Батбаяр, А.Ундрал гэсэн цахим спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй холбоод, нэгдлийн төлөөлөл багтжээ. МҮОХ-ны дэргэдэх Цахим спортын комисс нь ОУОХ болон АОЗ-ийн цахим спортын комисстой цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө, стратеги боловсруулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна.