Засгийн газраас энэ жил 14 мега төслийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж, мөрийн хөтөлбөртөө тусгасан бөгөөд "Өөдөө тэмүүлэх Монгол" ган татлагат гүүр, "Хөшигийн хөндийн туннел" барих зэрэг ажлууд багтаж буй. Уг төслүүдийг амжилттай хэрэгжүүлбэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хүн амын төвлөрлийг сааруулахад томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
-“ХӨШИГИЙН ХӨНДИЙН ТУННЕЛ”-ЫН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ ТЕНДЕРТ БНХАУ-ЫН “CHINA DESIGN GROUP CO LIMITED” ШАЛГАРЧЭЭ-
Тэгвэл эдгээрийг барьж, байгуулах зорилттой уялдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд БНХАУ-д ажиллах үеэрээ Жөжян мужийн Ханжоу хотод ажиллаж, тус хотын ижил төстэй бүтээн байгуулалттай танилцан албаныхантай санал солилцсон. Тодруулбал, Ханжөү хотын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд болох Чяньтан мөрний хоёрдугаар гүүр буюу Пөнбү гүүр, Шиху нуурын дүүрэгт байрладаг Зыжы туннелийн байгууламжтай танилцсан юм.
Зыжы туннел нь Ханжөү хотын хурдны замын "Дөрвөн босоо, таван хэвтээ" төслийн чухал хэсэг бөгөөд энэхүү туннел үзэсгэлэнт Шиху нуурын доогуур хийгдсэн байдаг. Туннел нь техникийн өндөр үзүүлэлттэйгээс гадна Ханжөү хотын авто замын ачаалал ялангуяа, Шиху нуурын үзэсгэлэнт газрын замын түгжрэлийг багасгахад чухал хувь нэмэр оруулдаг гэнэ. Харин манай улс үүнээс жишиг аван “Хөшигийн хөндийн туннел” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэж буй.
Уг төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хүрээнд гүүрэн байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийн санхүүжилтэд шаардлагатай 55.3 тэрбум төгрөгийг Зам тээврийн сайдын багцад тусгасан.
Хөшигийн хөндийн туннел нь 15.2 км урт бүхий 2 эгнээтэй хос туннел бөгөөд Богдхан уулын Их тэнгэрийн амнаас Богдхан уулсын Номтын ам руу барихаар төлөвлөжээ. Тэгвэл Богдхан нүхэн туннелийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах тендерт БНХАУ-ын “China design Griup Co Limited” 49.8 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлж, шалгарсан байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 11-нд “Хөшигийн хөндий туннел төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв” нэртэй 55.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлаж, энэ сарын 17-нд үр дүн нь гарсан байгаа юм. Улмаар уг тендерт БНХАУ, БНСУ, ОХУ-ын зэрэг олон улсын нийт найман компани оролцсоноос “China Design Group Co Limited” шалгарсан байна.
-“CHINA DESIGN GROUP” НЬ 5000 ГАРУЙ КМ ХУРДНЫ ЗАМ, 200 ГАРУЙ ГҮҮР, ТУННЕЛНИЙ ЗУРАГ ТӨСЛИЙГ ГАРГАЖ БАЙЖЭЭ-
Тэгвэл “China Design Group” нь Нанжин хотод байрладаг үндэсний инженерийн дизайн, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг иж бүрэн компани юм. Тус компани нь авто зам, гүүр, туннел, төмөр зам, боомт, усан зам, үйлдвэр, иргэний барилга байгууламж, байгаль орчин, ландшафт, ухаалаг тээвэр зэрэг төрөл бүрийн чиглэлээр инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн байгууллага юм.
Тус компанийг БНХАУ-ын Зам тээврийн яамнаас онц сайн зураг төслийн нэгж хэмээн үнэлж, аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын гол нэгжээр шалгаруулсан байна.
Тус компани 2005 онд байгуулагдсан Нанжин хотод төвтэй, 5900 гаруй ажилтантай бөгөөд сүүлийн хорин жилийн хугацаанд Жянсу мужид тээврийн томоохон стратеги төлөвлөлт, урьдчилсан судалгаа хийжээ. Мөн 5000 гаруй километр хурдны зам, 4000 гаруй километр авто зам, 1000 гаруй километр хотын хурдны замын зураг төслийг гаргасан бөгөөд “Жяньин Хөх мөрний гүүр”, “Рунян Хөх мөрний гүүр”, “Сутун Янцэ голын гүүр” болон 1000 метрээс дээш урттай гол дамнасан 200 гаруй том гүүрийн зураг төслийг хийсэн байна. Нэмж дурдахад, Жянсу мужийн бараг бүх дотоод усан зам, усан онгоцны түгжээ, терминал, мөн замын үйлчилгээний бүс, ландшафт, ухаалаг тээврийн хэрэгслийг зохион бүтээжээ.
Түүнчлэн “Үндэсний судалгаа, зураг төслийн аж ахуйн нэгжийн судалгаа, зураг төслийн орлогын шилдэг 100” жагсаалтад 2020 оны ENR-ийн 62-р байр "Дэлхийн шилдэг 150 инженерийн дизайн компани"-ийн нэгээр нэрлэгдэж байсан аж.