Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхээс хянан хэлэлцэж, энэ сарын 11-ний /2024.12.11/ өдөр шүүр шийдвэрээ гаргасан билээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгт 6 жилийн хорих ял шийтгэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүх хэвээр үлдээсэн юм. Тиймээс шүүхийн шийдвэр гарсан даруйд түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих 461 дүгээр анги руу ачсан байдаг.
Тэгвэл Ё.Баатарбилэг нарыг одоогоор өөр хорих анги руу хуваарилаагүй байгаа аж.
Тодруулбал, Улсын Дээд шүүхийн тогтоол албажиж, ШШГЕГ-т ирээгүй байгаа тул Хөгжлийн банкны хэргээр хорих ял сонссон хүмүүсийг өөр хорих анги руу хуваарилаагүй байгаа юм байна. Харин дээрх тогтоол албажсан даруй хорих ангиуд руу хуваарилна гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.
Хөгжлийн банкны гэх хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг нь "Өөрийгөө гэм буруугүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон" талаар ярьж, сонгуульд нэр дэвших эсэхээ шийдээгүй байгаа гэх агуулгатай зүйлийг хэлсэн байдаг. Харин тэрбээр Улсын Дээд шүүхийн тогтоол гарсны дараа ямар нэгэн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөгүй юм.
Эргэн сануулахад, Ё.Баатарбилэг нь Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байхдаа найзын харилцаатай хахууль өгөгч “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийн “...Хөгжлийн банкны шаардлага хангахгүй атлаа зээл авах...” ашиг сонирхлын үүднээс Хөгжлийн банкнаас “НВЦ” ХХК-ийг зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд
- 2017 оны есдүгээр сарын 19-ний өдөр Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246 сая 825 мянган төгрөгийн хахууль авсан,
- мөн 2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, арваннэгдүгээр хороолол, Сэлбэ хотхоны “Ф” байр 00 тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай 9 тоот авто зогсоолыг иргэн Б.Ганбаатараас бэлнээр 320 сая төгрөгөөр,
- 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр 2014 онд үйлдвэрлэгдсэн, 00-00 УНО улсын дугаартай, хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг Хятад Ард Улсын иргэн DONG, YE /Дон Е/-ээс бэлнээр 133 сая төгрөгөөр тус тус худалдан авсан гэх хэрэгт холбогдож, зургаан жилийн хорих ял шийтгэгдсэн юм.