УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд дэмжлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Нэгт нүүрсний гэрээ, хоёрт төмөр замын холболт, гуравт цаашдын хамтын ажиллагаа гэж өнөөдрийн асуудал задарна. Нүүрсний гэрээг “Чайна энержи”-тэй байгуулж, төмөр замаа Засгийн газар л холбочих байсан. Гэтэл юу болж өнгөрөөд өнөөдөр энд хүрснээ бодмоор байна. Яах аргагүй нарийн царигаар төмөр зам баривал танк ороод ирнэ, гаднынханд газар нутгаа алдана энэ тэр гэсэн улс төрийн хэрүүл, бүлэглэлийн эрх ашгийн зөрчлүүдийн үр дүнд гаднынханд луйварчин, хулгайч болж харагдсан. Цаашдаа ингэхгүй байх, ойрын хэдэн жилдээ хөндөхөөргүй бодлого баримталдаг баймаар байна. 100 хувь бидний эрх ашигт нийцэхгүй ч бодит боломж нь энэ юм . Хамгийн сайн үр дүн байж болох боломж. Ний нуугүй хэлэхэд Ерөнхий сайд энэ асуудал дээр сайн ажилласан байна. Улс төрийн зөвшилцлийг УИХ-ын дарга бас аятайхан олчихсон байна. Харин өнгөрсөн арван жилийн асуудлыг нэг талд нь гаргаж хариуцлага тооцмоор байна. Дахиад л толгой илсэн байдлаар явмааргүй байна. “Орано” удахгүй орж ирнэ, мөн л адилхан. Одоо ингээд л маргаад байна. Бүх юм баримт нотолгоотойгоо байгаа шүү. Буруутайд нь хариуцлагыг нь онооё л доо, үүн дээр шинэ Үндсэн хуулиар бүрдсэн 126 гишүүн ажилламаар байна. Энэ асуудлыг гаднынхан маш анхааралтай харж байгаа" гэлээ.