Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр,Монгол Улс урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийг хийх, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд 2024 оноос даатгуулагчийн нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц санг үүсгэж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх 1.0 хувь, даатгуулагчийн төлөх 1.0 хувь нийт 2.0 хувь, мөн сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын 2.0 хувийн шимтгэлийг хуримтлуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, даатгуулагч бүр “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай боллоо. 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 1.2 сая даатгуулагчийн дансанд 214.8 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлал үүсээд байна.
Түүнчлэн, даатгуулагч тэтгэврийн мөнгөн хуримтлалын мэдээллээ төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим системээр харах боломж бүрдсэн. Мөн нийгмийн даатгалын байгууллагын цахим систем portal.ndaatgal.mn цахим систем болон гар утасны “nDaatgal” aппликейшний “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” хэсгээс харах боломжтой гэсэн юм.