Дэлхийн банкны мах, сүүний чиглэлийн үхэр өсгөх хөтөлбөр хэрэгжихэд бэлэн боллоо

Дэлхийн банкны мах, сүүний чиглэлийн үхэр өсгөх хөтөлбөр хэрэгжихэд бэлэн боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь сонгогдсон байршилд малын эрүүл мэнд, ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

Уур амьсгалын өөрчлөлт, ган, зудын давтамж, бэлчээрийн даац хэтрэлт, малын тооны хэт өсөлт зэргээс шалтгаалан мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэн, төвлөрсөн хот суурин газрын хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, эрчимжүүлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

Тиймээс Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс “Мал сүргийн бүтээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг Сэлэнгэ, Булган, Төв аймгийн зарим сумдад хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөр нь зорилтот орон нутгийн махны болон сүүний үхрийн үүлдэрлэг байдал, ашиг шимийн гарц, чанарыг дээшлүүлэх зорилготой бөгөөд цаашид өндөр ашиг шимт үүлдрийн үхрийн цөм сүрэг бүрдүүлэн цэврээр нь сонгон үржүүлэх, түүний үр, хөврөлийг шилжүүлэн суулгах дэвшилтэт аргыг ашиглан үхэр сүргийн хээлтүүлэг, төллөлтийг технологийн дагуу удирдаж, аж ахуйн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн үйл ажиллагааны эхлэл болж Монгол нутагт нутагшуулан үржүүлж буй махны чиглэлийн өндөр ашиг шимт Сэлэнгэ, Казакын цагаан толгойт, Герефорд үүлдрийн 250 толгой гунж, 100 толгой бухыг махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид нийлүүлж дэмжлэг үзүүлэхэд бэлэн боллоо.

Хөтөлбөрт хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж нь тус үхрийг цэврээр нь үржүүлж, төлийг нь чиглэлтэй өсгөн бойжуулах замаар өөрсдийн цөм сүргийг бүрдүүлж, гурван жилийн дараа ижил нас, хүйсний үхрийг эргүүлэн өгснөөр дараагийн малчид уг хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэх юм. Үүний үр дүнд төвийн бүсийн үхэр сүргийн махан ашиг шимийг 10-15 хувиар нэмэгдүүлэх болно. Ийнхүү махны чиглэлээр төрөлжсөн үүлдрийн үхрийн махлаг, түргэн өсөлттэй шинж чанарыг ашиглан үхэр сүргийн махан ашиг шимийг нэмэгдүүлж, үхрийн махны эрэлт хэрэгцээг хангахад бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.