“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг 2025.01.01-ээс нэмэгдэхгүй гэж албаны эх сурвалж мэдэгдлээ.
Тодруулбал, хүүхдээ асарч буй ээжид 0-3 нас хүртэл нь сар бүр 50 мянган төгрөгийг нийгмийн халамжийн сангаас олгодог. Уг мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг асуудал өнгөрсөн хугацаанд хөндөгдөж ирсэн. Энэ дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаман дээр “Цалинтай ээж” хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан билээ. Тус ажлын хэсэг “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх чиглэлээр 2025 оны Монгол Улсын төсвийн хуультай уялдуулан санал боловсруулсан аж. Гэхдээ сар тутамд олгодог энэхүү 50 мянган төгрөгийг хэдээр нэмэгдүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байсан юм. Гэвч ээжүүдийн хүлээж байсан “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг ирэх онд нэмэгдэхгүй хэвээр олгогдохоор болжээ.