Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хархорум хот ирээдүйн Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг илтгэсэн, оюун санаа, шинжлэх ухаан, соёл, боловсрол, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн шинэ төв болох боломжтой” гэж үздэг. Энэ үүднээс 2022 онд буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргасан юм.
Зарлигийн дагуу Засгийн газраас боловсруулсан хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, санал, дүгнэлтээ нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо. Хэт төвлөрлөөс шалтгаалсан нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, байгаль экологийн асуудлуудыг шийдвэрлэж, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, бүсчилсэн хөгжлийн шинэ төв байгуулах хэрэгцээ, шаардлага бий болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Байнгын хорооны гишүүдийн асуултад хариулахдаа онцоллоо.
УИХ-ын 2023 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Орхоны хөндийд хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт, нийт 189 мянга гаруй га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Шинэ Хархорум хот 500 мянган хүн амтай, төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байх юм.