Улаанбаатар метроны бүтээн байгуулалтад ашиглалт, засвар хариуцах инженер техникийн 600 орчим мэргэжилтэн шаардлагатай болж НЗДТГ, ШУТИС, “Духуа инженеринг” компани хамтран ШУТИС-д хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцуулах “2+2” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр БНСУ-ын хувийн болон улсын их сургуулиудад хүсэлт тавиад буй.
Хамтран ажиллах санал илэрхийлсэн их дээд сургуулиудаас БНСУ-ын хамгийн анхны хурдны галт тэрэгний бүтээн байгуулалтыг хийсэн Халла их сургуулийг сонгож, гурван талт санамж бичгийг өчигдөр/2024.12.25/байгуулсан байна. БНСУ-ын Пугён, Халла их сургуулийн удирдлагууд метроны мэргэжилтэн бэлтгэх саналаа ирүүлжээ. Энэ үеэр Халла их сургуулийн захирал Ким Инь Гүон “Хамтран ажиллах болсондоо баяртай байгаа ч, үүнийг дагаад маш их үүрэг хариуцлага ирж байгааг ухамсарлаж байна. Учир нь Улаанбаатарт ирээд түгжрэлээс шалтгаалан иргэдийн хувийн амьдралд ч өөрчлөлт гарч, ихэнх цагаа түгжрэлд зарцуулж буйг ойлгосон. Метро төсөл дээр Нийслэлийн зүгээс маш их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Монгол Улсын түүхэнд үлдэх боловсон хүчнийг бэлтгэх ажилд хариуцлагатай хандахаа, сургуулийн зүгээс том хувь нэмэр оруулахаа та бүхний өмнө амлаж байна” гэжээ.
“Халла” группийн охин компаниуд нь автомат жолоодлого болон автомашины эд ангиудын дэлхийн зах зээлд 46 дугаар байрт жагсдаг байна. Тус группийн бааз суурийг түшиглэж монгол оюутнууд чадавхжих бүрэн бололцоотойг онцлов.