Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Т.Дүүрэнг АТГ-аас "албан тушаалаа урвуулан ашигласан" хэмээн яллагдагчаар татан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-ны өдөр /2024.11.28/ саатуулан шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэг буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэх зүйл ангиар яллагдагчаар татан, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.
Харин шүүх тус саналыг хэлэлцээд яллагдагч Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.
Тэгвэл шүүхээс Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нэг сарын хугацаа дууссантай холбоотойгоор прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай хэмээн үзэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн аж.
Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дээрх саналыг хүлээн авч, Т.Дүүрэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дахин нэг сараар сунгах шийдвэрийг гаргасан байна. Өдгөө түүнд холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж байгаа аж.