ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас “Содура консалтинг” ХХК-тай хамтран хэрэгжүүлдэг “Бизнесийн менежментийн цогц сургалт, хөтөлбөр”-ийг Монголын менежментийн зөвлөхүүдийн институтээс 2024 оны шилдэг төслөөр шалгарууллаа. 2021 оноос хойш “Бизнесийн менежментийн цогц сургалт” I, II, III хөтөлбөрт бизнес эрхлэгч 640 харилцагчийг зайнаас болон танхимаар хамруулж, менежментийн ур чадварыг цогц, системтэйгээр олгоод буй.
Уг хөтөлбөрт хамрагдсанаар бизнесээ том зургаар нь төлөвлөх, багаа удирдан манлайлах, гүйцэтгэлийг сайжруулах арга техникүүдэд цогцоор нь суралцахаас гадна олж авсан мэдлэг мэдээллээ өөрийн бизнесийн үйл ажиллагаанд шууд хэрэгжүүлж, бусад бизнес эрхлэгчидтэй харилцан туршлага солилцож, хүрээллээ тэлж, урт хугацааны түншлэл үүсгэх боломж олгодгоороо онцлогтой. Хамрах хүрээ, хүртээмжтэй байдал, бодит үр дүнгээрээ оны шилдэг төслөөр шалгарсан “Бизнесийн менежментийн цогц сургалт” нь менежментийн зөвлөх үйлчилгээ, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлсэн дэлхийн шилдэг төслүүдэд олгодог олон улсын “Constantinus” шагналд нэр дэвшин, өрсөлдөх эрхтэй болж буй. Олон улсын менежментийн зөвлөхүүдийн институтийн зөвлөлөөс (ICMCI) жил бүр шалгаруулдаг энэхүү шагнал нь мэдлэгт суурилсан үйлчилгээний “чанарын тэмдэг” хэмээн үнэлэгддэг бөгөөд энэ жил манай улсаас 2 шилдэг төсөл тус шалгаруулалтад оролцох юм. Өмнө нь 2021 онд ХААН Банк Монголын менежментийн зөвлөхүүдтэй хамтран харилцагч байгууллага болох “Сайн интернэшнл” ХХК-д хэрэгжүүлсэн төслөөрөө олон улсын “Constantinus” шагналын алтан медаль, цом хүртэж байсан билээ.
Системийн тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк Монгол Улсын эдийн засагт үнэмлэхүй хувь нэмэр оруулж, баялаг бүтээж буй бизнес эрхлэгч харилцагчдынхаа бизнесийн өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулж ажилладаг. Энэ зорилгын хүрээнд Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан менежментийн цогц хөтөлбөр, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр зэрэг цогц сургалт, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн билээ. Тус академи зөвхөн 2024 гэхэд 3200 гаруй харилцагчид бизнесээ өргөжүүлэх, амжилттай удирдан чиглүүлэх зөвлөх үйлчилгээ, сургалт хөтөлбөрийг зохион байгуулжээ.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк